Эрүүдэн шүүсэн хэргийн эргэн тойронд ийм үйл явдлууд өрнөж байна

Уншсан тоо: 254   Огноо: 2020/04/23 12:48

 Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлсэн цагаас хойш энэ хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудыг нэмэлт тайлбаргүйгээр цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэж байна.


2019/3/21. Хуульзүйн сайд эрүүдэн шүүлт явагдсаныг баталж, уучлал гуйв

...Хуульзүйн сайд Ц.Нямдорж: С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.  Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.

Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж Монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Захиалагчийг олох нь битгий хэд бүр замхаруулсан байна билээ. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү.

С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй. (Ikon.mn https://ikon.mn/n/1j0x)

 

2019/03/28. Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд хаалттай үзэв

...УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар  С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж ял авсан  хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүлэв.Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 600 гаруй хоног эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргах шийдвэрийг мөн гаргасан.  Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар энэхүү бичлэгийг эхний ээлжинд УИХ-ын гишүүдэд үзүүлэх нь зүйтэй гэж үзэв.  Тиймээс ажлын хэсэг 600 хоногийн бичлэгээс үзүүлэх боломжтой гэсэн зургаан хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг болон 26 минутын видеог УИХ-ын гишүүдэд хаалттай үзүүллээ. (Olloo.mn http://www.olloo.mn/n/62698.html)

 

2019/03/29. Эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлэв

...Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэл мэдээллийнхэнд үзүүллээ. (Zindaa.mn https://news.zindaa.mn/2o80)

 

2019/04/24. ЦЕГ-аас Б.Хурцыг саатуулав

..Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өнгөрсөн Баасан гаригт /2019.04.19/ Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байгаа. Үүний дагуу хэрэгтэй холбоотой /С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг/ мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын газарт хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэлээ. (News.mn https://news.mn/r/2121439)

 

2019/04/25. Түр хороо байгуулав

...Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан боловсруулсан байна. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан юм. Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. (Montsame.mn https://www.montsame.mn/mn/read/187356)

 

2019/05/31. Түр хорооны гишүүд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзав

...УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын биеийн байдал нь тааруу, тамирдуу байна. Тиймээс ойрын хугацаанд нарийн шинжилгээнд оруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар Хорих ангийн удирдлагуудад хэллээ. Монгол Улсын гэм зэмгүй хоёр иргэн хилсээр хоригдож байгаа гэдгийг Түр хороо олон баримтаар тогтоосон. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд тэднийг нэн даруй суллуулах, цагаатгах ажлын төлөө Түр хороо ажиллаж байна" гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: "Маргааш эх үрсийн баяр болно. Т.Чимгээ гурван хүүхдийн эх, харин Б.Содномдаржаа найман хүүхдийн эцэг. Тиймээс гэр бүлд нь мэнд дамжуулах хүн ёсны уулзалт боллоо. Биеийн байдал нь тааруу байгаа ч сэтгэл санааны хувьд жилийн өмнө уулзаж байснаас арай дээрдсэн байна. Нийт ард түмэндээ хандаж, хилсээр хэлмэгдэж байгаа хоёр иргэнээ чөлөөлүүлж авахын төлөө ард түмний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Иргэд гарын үсгээ зурж нэгдэхийг хүсэж байна. Мөн эрүүдэн шүүсэн бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд ил болгохыг хоёулаа зөвшөөрсөн тул олон нийтэд ил болгохын төлөө ажиллана" хэмээлээ. (Ikon.mn https://ikon.mn/n/1l9e)

 

2019/06/05. Бичлэгийг олон нийтэд үзүүлэв

...Өчигдөр Монголын Үндэсний Радио Телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар оролцлоо /2019.06.04/. Энэ үеэр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэн хоригдож байхдаа эрүү шүүлтэд орсон гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын камерын бичлэгийг олон нийтэд цацжээ. 

Өмнө нь сэтгүүлчдэд үзүүлж байсан 26 минутын бичлэгээс олон нийтэд үзүүлж болох 7 минутыг таслан үзүүлсэн. (Factnews.mn http://factnews.mn/nr5)

 

2019/08/13.  Б.Хурц нарыг шүүх хурал эхлэв

...С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр хуралдаанд ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу шүүх хурлыг өчигдрийг хүртэл хойшлуулаад байв.

Ингээд шүүх хурал хаалттай болсон бөгөөд эрүүдэн шүүх ажиллагааг гардан гүйцэтгэсэн Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг байлцуулсан. Хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ. (Montsame.mn https://www.montsame.mn/mn/read/197590)

 

2019/08/20. Шүүх хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргав

...Бүтэн зургаан өдрийн турш хуралдсан шүүх өчигдөр Б.Хурц нарын есөн хүний дахин шалгуулах шийдвэр гарлаа. Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд орсон юм. Улмаар 18.30 угийн үед шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцууллаа. С.Зоригийн ам насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг зодож, доромжилж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн  Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс болон ШШГЕГ-ын харъяа Төв аймаг дахь Цагдан хорих байранд ажиллаж байсан Х, О, Н нар гэрчээр мэдүүлэг өгснөөс гадна нотлох баримт шинжлэх судлах үеэр хэвлэлийнхэнд ил болгоогүй бичлэгийг оролцогчдод үзүүлсэн байна.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна энэ хэрэгт ТЕГ мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсн Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гэм буруутай эсэхийг хэлэлцсэн Төв аймгийн сум дундын шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Ийнхүү зургаан өдрийн турш олон нийтийн анхаарлыг татаж байсан хэрэг эцэслэн шийдэгдсэнгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.  (Olloo.mn http://www.olloo.mn/n/67241.html)

 

2019/09/05. Прокуророос шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичив

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хавтаст хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Зургаан өдөр үргэлжилсэн шүүх хурал шийдэгдэлгүй, мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор дээрх хэрэгт эсэргүүцэл бичсэнээр талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэх болж байгаа юм. (Olloo.mn http://www.olloo.mn/n/67692.html)

 

2019/10/09. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

...Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бол прокурорын байгууллагаас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан боллоо. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22:00 цагийн үед шийдвэрээ гаргаж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. (Өдрийн сонин, Dnn.mn)

 

2019/11/14. Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах нь зүйтэй гэж дүгнэлээ

...Түр хороо шударга шүүхээр шүүлгээгүй, эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж үзжээ.

Түр хорооны гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шүүх энэ хэргийг сунжруулж байгаа. Энэ асуудал нууцын зэрэглэлээс гарсан. Гэтэл хүмүүс нууцаас гарга гэсэн бичиг илгээж хугацаа хожиж байгаа. Засгийн газар нууцаас гаргасан. Өөр нууцаас гаргана гэсэн асуудал байхгүй. Үүний цаана энэ хэргийг удаашруулах хуйвалдаан явагдаж байгаа” гэлээ. (Eagle.mn http://eagle.mn/r/65153)

 

2019/11/22. Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат цаг хугацаа хожих арга хэрэглэж байгааг онцлов

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхтэйгээр магадлал гарсан шүү дээ. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдлоо гаргаж байгаа гэж сонссон. Гомдлыг хуульд заасны дагуу магадлалаа гардаж аваад 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гаргана. Дээд шүүх энэ хэргийг дахин 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй. 30, 30 хоног гээд яваад өгнө. Хэрэв Улсын дээд шүүхийн гаргасан тогтоол нэр бүхий есөн шүүгдэгчид таалагдахгүй бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь бий. Дахиад 30 хоног. Ингээд гурав, дөрвөн 30 хоног яригдаад байгаа биз.

Бараг дөрвөн сарын асуудал яригдах гээд байна. Ингэснээр 2020 оны дунд хүртэл хугацаа сунжрахаар байна. Гэтэл энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны есдүгээр сард дуусна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болно. (Ikon.mn https://ikon.mn/n/1qb2)

 

2019/12/04. Жагсаал, цуглаан зохион байгуулахыг сануулав

...Улсын Ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан байсныг Олон улсын парламентын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, С.Зоригийн хэргийг шалгах түр хороо зэрэг гурван байгууллагаас албан ёсоор тогтоосон. Гурван шатны шүүх эрүүдэн шүүсэн явдлыг анзааралгүйгээр шийдвэр гаргасан. Мөрдөн байцаагч, прокуроруудын буруутай үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэн хэлмэгдсэн нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгадаг. Хоёр дахь том шалтгаан бол Амгаланбаатар Содномдаржаа, Чимгээ нарыг гүтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хууль хяналтын байгууллагууд Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллах үүрэгтэй. Хэрэв 12 дугаар сардаа багтааж Содномдаржаа, Чимгээ нарыг суллахгүй бол ШИНЭ намаас бүх нийтийн жагсаал цуглааныг албан ёсоор зохион байгуулна гэдгээ мэдэгдье" гэлээ.  (Өнөөдөр сонин, Unuudur.mn)

 

2019/12/19. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эрхзүйн боломж үүсээгүй байгааг прокуророос сануулав

УЕП-ын прокурор О.Машбат "Гэмт хэргийн шинж бүхий мэдээ мэдээллийн дагуу цаг алдалгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажиллаж байна. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг байгуулан ажиллаж байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэх хэргээр нэр бүхий албан тушаалтнуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хэрэгт зааснаар тухайн хэргийн оролцогч нар мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрхтэй байхаар зохицуулсан тул та бүхэнд тухайн эрүүгийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Хуулинд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй. "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ийн тавьсан шаардлагын дагуу Т.Чимгээг 48 цагийн дотор суллах хууль эрхзүйн боломж байхгүй. (Livetv.mn https://livetv.mn/p/14959)

 

2020/04/09. Б.Хурц нарын гомдлыг хэрэгссэнгүй, шүүх хурал болно

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2020.04.09/ шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна. (News.mn https://news.mn/r/2285279) 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд