Б.Мөнхжаргал: Томоохон гэмт хэргүүд шүүхийн шатанд, сонгууль хүлээж байна

Уншсан тоо: 2,288   Огноо: 2020/04/22 13:15

ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Эхлээд өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Миний бие ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад жил гаран болж байна. Үүнээс өмнө гадаад харилцаа, батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан.

-Дэлхий нийтийг түгшээж буй Ковид-19 вирусын халдвараар хоёр сая гаруй хүн өвчлөөд байна. Үүний эсрэг дэлхий нийтээрээ төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Үүнд иргэн хүний хувьд ямар байр сууртай байна вэ?

-Энэ нөхцөл байдал манай улсыг ихээхэн туршиж байна. Эдийн засаг, эрүүл мэндийн салбар онцгой нөхцөлд ямар байх вэ гэдгийг туршиж байна. Шинжлэх ухаанаар батлагдсан олон эх сурвалжаас харахад богино хугацаанд халдвар намжихгүй нь. Хамгийн багадаа зургаан сар, цаашлаад жил үргэлжилж, дараа дараагийн давалгаа улам бүр хүчтэй байх таамаглал судлаачид дэвшүүлж байна. Үүнийг дагаад улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдралд эрс өөрчлөлтүүд гарч байна. Хүн хоорондын харилцаа, улс төр зэрэг олон зүйлс өөрчлөгдөж байгаа учир нэгдмэл нэг улс шиг байж, иргэн бүрийн ухамсар маш чухал гэдгийг ард иргэд сайн мэдэж байгаа.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажилд намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ цар тахлын үед эдийн засгийн онцгой горимоор ажиллах ёстой. Төсвийн зарцуулалт, хяналт чухал, иргэдийн аж байдалд ч Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг. Энэ үед л Засгийн газрын үүрэг, оролцоо тодрох ёстой. ШИНЭ эвслийн зүгээс Ерөнхий сайд, УИХ-д тодорхой алхмуудыг санал болгосон. Тухайлбал, ШИНЭ намын УИХ дахь зөвлөлөөс эдийн засгийн арга хэмжээг авах нь зөв, дээрээс нь нэмээд ажлын байрыг хадгалах чиглэлээр, түрээслэгчдийн дарамт, зээлийн хүүг бууруулах чиглэлийн арга хэмжээ авах нь зүйтэй зэрэг эдийн засгийн таван арга хэмжээ санал болгосон. Зөвхөн эдийн засгийн арга хэмжээ аваад зогсохгүй. Нийгмийн харилцаанд маш их өөрчлөлт орж байгааг анхаарах хэрэгтэй. Аль болох хүндрэл багатай даван туулах чиглэлээр нийгмийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй, үүнтэй холбоотой гурван санал, санаачлагыг Засгийн газар, УИХ-д тавьсан. 50-60 хувьтай хүлээж аваад яаралтай горимоор хууль болон батлагдаж байна. Гэхдээ мэдээж 100 хувь тусаагүй.

-ШИНЭ нам УИХ-д төлөөлтэй намын хувьд гишүүдээрээ дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломжтой байх?

-ШИНЭ намын хувьд дан ганц өөрсдийнхөө дуу хоолойг Их хурлын танхимд хүргэхээс гадна Их хурлын гадна байгаа суудалгүй намуудынхаа оролцоо санаачлагыг Их хуралд хүргэх гүүр болон ажиллаж байгаа. Мөн иргэний нийгмийн олон байгууллагууд байгаа. Тэдний санал хүсэлтийг санал асуулгын системээр байнга сонсдог.

-Жилийн өмнө МАНАН дэглэмийн эсрэг нэгдэл гэж байгуулагдаж хэдэн гишүүд нэгдэж байсан. Энэ үйл явцын Ерөнхий зохицуулагчаар та ажиллаж байсан. Жилийн өмнөх нөхцөл байдал одоо ямар болсон бэ?           

-Жил хагасын өмнө маш олон төрийн бус байгууллагууд нэгдээд төрд үүрлэсэн бүлэглэл бүх шатанд байна, яамдуудад, Их хурлын танхимд ч, хууль шүүхийн байгууллагад ч байна, намууд үүнд эзлэгджээ гэж үзсэн. Ийм учраас ард түмнээрээ нам харгалзахгүйгээр энэ зүйлийн эсрэг тэмцсэн. Мэдээж төрөө цэвэрлэх нэг номерын зорилго байсан. Хууль шүүхийн байгууллагыг цэгцлэх, баялгийн шударга бус хуваарилалтыг зөв гольдролд оруулах, ард түмнийг чиглүүлэх тэмцэл байсан. Энэ ажил өнөөдөр ч хэрэгжиж байгаа. Сүүлийн хэдэн сард цар тахлаас болоод тэмцэл хөдөлгөөн маань тодорхой хэмжээнд хязгаарлагдсан. Баялгийн хувьсгалын чиглэлээр Үндсэн хууль дээр бага ч гэсэн заалтууд орсон. Гэхдээ хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудал гацсан гэж хэлж болно. Энэ чиглэлээр иргэний нийгмийн, төрийн бус байгууллагууд өөрсдийн бололцоогоор дуу хоолойгоо өргөж байна. Төрийг дамлан наймаалах МАНАН бүлэглэл хэлбэрээ өөрчлөөд намд, төрд байсан бол эргээд намуудаар дамжин төрийн эрх мэдлийг авах үйлдлүүд явж байна. Үүний эсрэг бид тууштай тэмцэж байна. МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн маань нэг хувь хүн биш, даргатай, цэрэгтэй ТББ биш. Ард түмний хөдөлгөөн юм. Энд ямарваа нэгэн хүн удирдаж манлайлахаас илүү нэг зорилгын төлөө бие биенээ мэдэрсэн, зорилгодоо үнэнч олон төрийн бус байгууллагууд нэгдсэн.

-Шүүхийн шинэчлэлд гол анхаарлаа хандуулдаг байх. Энэ тал дээр юу хийх шаардлагатай байна?

-Шүүх засаглалд өнөөдрийг хүртэл ямар ч салхи ороогүй, юу ч өөрчлөгдөөгүй. Авлига авдаг шүүгч нар, МАНАН бүлэглэл, хонгилын шүүгч нь хэвээрээ л байна. Бид жилийн өмнө МАНАН-гийн 23 төрлийн томоохон гэмт хэргийг баримттай нь бүгдийг гаргаж тавьсан. Өнөөдөр шүүх, прокурор, цагдаа зэрэг шалгадаг байгууллагуудаар нь иргэний нийгмийн хүч шахалтаар жаахан ч гэсэн явсан. Гэхдээ шүүхийн шатан дээр очоод гацсан. Үндсэндээ сонгуулийг хүлээж байна гэж харж байна. Сонгууль хүртэл шүүхийн байгууллага энэ хэргүүдийг гацаах нь. Сонгуулийн дүнгээс шалтгаалаад энэ бүх хэрэг замхрах уу, өөрчлөгдөх үү гэдэг эгзэгтэй мөч тулаад байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагуудын шахалт хяналт, оролцоогоо багасгаж болохгүй.

-Хаврын отгон чуулган нээлтээ хийсэн. Нээлт дээр Монгол Улсын төрийн тэргүүн УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд сонгуулийг хэрхэн харж байна. Сонгууль болох ёстой юу, хойшлох уу?

-Бидний зарчим бол намын эрх ашгаас өмнө улс орны эрх ашиг байх ёстой. Тэр тусмаа хувь хүмүүс бүлэглэлийн эрх ашиг хамгийн дор байх ёстой. Энэ бол дэлхий нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал. Тиймээс сонгуулиас илүү улс орны нөхцөл байдал чухал. Цар тахал хяналтаа алдвал яах вэ? ОХУ арга хэмжээ сайн авч байгаа ч хяналтаа алдах шиг боллоо. Дэлхийд өвчнийг бүрэн хяналтдаа авсан улс орон ховор байна. Бид ч мөн сонор сэрэмжтэй байх ёстой. Өчүүхэн алдаа гаргахад геометрийн прогрессоор өсөх хандлагатай байна. Тиймээс улс орны эрх ашиг, нийтийн эрүүл мэнд чухал учир Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагыг дэмжиж байгаа. Гэхдээ хууль гаргаж баталж байж хойшлуулахгүй бол төлөвлөсөн ёсоор явагдахаар байна.

-БНСУ сонгуулиа амжилттай явууллаа. Ирц нь 28 жилд байгаагүй өндөр байсан?

-Зарим орнууд сонгуулиа хийж байна. Зарим орнууд ухамсартайгаар хойшлуулж байна. Энэ жил 60-аад оронд төрийн сонгууль хийх байсан. Ихэнх нь хойшиллоо.

-Зургадугаар сард сонгууль болно гэж үзвэл ШИНЭ нам сонгуульд оролцоно. Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Гэхдээ энэ удаагийн сонгуульд эвсэл болж орохоор байгаа тийм үү?

-ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, Үнэн ба Зөв гэсэн дөрвөн нам эвслийн гэрээнд албан ёсоор нэгдсэн. Дээр нь нэмээд 5-6 нам, иргэний нийгмийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эвслийг дэмжиж оролцож байгаа. Бид ШИНЭ эвслийнхээ суурин дээр бусад дэмжигч намуудынхаас нэр дэвшүүлэх болон иргэний нийгмийн байгуулага, мэргэжлийн холбооны төлөөллүүд, нийгмийн зүтгэлтнүүдийг эвслээрээ дамжуулан төрийн сонгуульд нэр дэвших, төрийн эрх барилцах боломжийг бий болгож байгаа. Шударга иргэд нам харгалзахгүйгээр шинэ эвслийн суурин дээрээс нэр дэвших боломжтой.

-Танай намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр юунд чиглэж байна вэ?

-ШИНЭ эвслийн мөрийн хөтөлбөр “Шинэ эргэлтийн бодлого 21” гэсэн үндсэн нэр томьёотой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хөдөө орон нутгуудаар явсан. Иргэдийн дунд төр засгийн юу болохгүй байгааг сонсох зорилгоор санал асуулга авсан. Үүн дээр давхацсан 30 гаруй мянган саналыг нэгтгэн боловсруулсан. Дээр нь эрдэмтэн судлаач, мэргэжлийн холбоодуудыг суулгасан. Нам тус бүрийн мөрийн хөтөлбөрүүдийг нэгтгэсэн. Үндэсний аудитын газар хууль журмын дагуу хугацаанд нь хүргүүлсэн. Үүнийг аудитын газраас хянаж үзээд хэд хэдэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Үндсэн концепцийн хувьд мөрийн хөтөлбөрт ямар нэгэн бэлэн мөнгөний амлалт байхгүй, хэт үрэлгэн төсөв яриагүй дандаа зарчим, үүрэг хариуцлага, дэг журам, сахилга бат амалсан мөрийн хөтөлбөр болсон.

-Энэ удаагийн сонгуульд оролцогч намуудын мөрийн хөтөлбөрийг харахад 3 сая, 5 сая төгрөгийн мөнгөн дүн байсан. Иргэд ч үүн дээр байр сууриа илэрхийлээд байна?

-Бэлэн мөнгөний амлалт иргэдийг буруу тийш хөтөлдөг. Ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болдог. Тухайлбал, 2008 оныг эргэн саная. АН, МАН хүчтэй өрсөлдөж байсан. Уул уурхай, баялгийнхаа нөөцийг Монгол Улс нээж байна, баялгаас ард түмэн хувьцаа эзэмшигч больё гэдэг саналыг намууд дэвшүүлсэн. Гэтэл сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр хоёр мэтгэлцээн дээр ард түмнээ хувьцаатай болгох талаар яриагүй. Ердөө сая төгрөг ээлжилж өгөх талаар яриад эхэлсэн. Энэ нь сүүлдээ долдугаар сарын 1-нийг бий болсон. Үүнээс дүгнэхэд бэлэн мөнгөний амлалт улс орныг дандаа буруу тийш татдаг. Идэвхтэй хөдөлмөр эрхлэгчдийн ажил хийх сонирхлыг бууруулдаг. Зорилтот бүлгүүддээ баялгийн хуваарилалт нь хүрч очдоггүй. Өнөөдрийн төсөв жил болгон 2, 3 их наядаар алдагдалтай байх прогноз байгаа. Тэгэхээр бэлэн мөнгөний амлалт боломжгүй. Өнөөдөр нэг зүйлийг шүүмжилмээр байна. Төрийн байгууллагууд, яамдууд, төрийн тусгай байгууллагуудын барилга байшин томроод, дарга нарын унах машин улам сайжраад байгаа ч төрийн ажил нь сайжрахгүй байна. Төрийн байгууллагуудад МАНАН бүлэглэлийнхэн шургалсан хэвээр байна.

-Эвслээс нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Намууд системийн хувьд ялзралд оржээ. Тиймээс бид энэ алдааг давтаж болохгүй. Энэ улс төрийн намуудаас өөр нам байх ёстой. Улс төрийн нам төрд орох зөв хүнийг нэр дэвшүүлж чадаж байгаа эсэхээр хэмжигддэг. Сонгуулийн бус үед уралдаан тэмцээн зохион байгуулснаараа, намын гишүүдээ тэтгэснээрээ хэмжигдэхгүй. Төр барих зөв хүмүүсийг томилох үйл явц хэр шударга, ил тод, нээлттэй байна гэдгээр л үнэлэгдэх ёстой. Тиймээс аль болох нэр цэвэр, тухайн орон нутагтаа нэр хүндтэй, зарчимч, улс эх орныхоо эрх мэдлийн нэгт тавих эрдэм мэдлэгтэй хүмүүсийг сонгох үндсэн шалгуур тавьсан. ШИНЭ эвслийн нэр дэвшигчид намчид биш нийгмийн зүтгэлтнүүд байх ёстой. Нам бус хүмүүсийг дэвшүүлэх боломж хуулийн хүрээнд байгаа. Улс төрийн кадрууд, багш, эмч нар, малчид, мэргэжлийн холбоодын идэвхтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн төлөөллүүдийг дэвшүүлнэ. Нийт нэр дэвшигчдэд мөнгөний босго тавиагүй. Сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хуулийн дагуу нэр дэвшүүлж байгаа.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ горилогчдоос 100 сая төгрөг авч байгаа гэж нэр дэвшигчид хэлж байна. Цаашлаад 200, 300 сая  төгрөг нэхэж байна. Ийм зүйл байх ёстой юу?

-Хуулиар хориотой. Энгийн шударга иргэдийн нэр дэвших боломжийг мөнгөний өрсөлдөөнөөр хааж байгаа хэрэг. Тийм учраас намуудын санхүүжилт ил тод байх ёстой. Сонгуулийн зардал босгож байгаа бол нэр дэвшигч мөнгөө хаанаас босгосноо тайлагнах хуультай. Үүн дээрээ 100, 200 сая төгрөгөө тайлагнах үүрэгтэй. Төр байгуулахдаа улс төрийн намууд хариуцлагатай, зарчимтай, ил тод нээлттэй оролцох ёстой.

-Иргэд сонгогчдод хэлэх үг байна уу?

-Сонгуулийн хууль үйлчлээд эхэлсэн байгаа. Нэр дэвшиж байгаа хүмүүст ижил тэгш боломж олдох ёстой. МАНАН бүлэглэл нам харгалзахгүйгээр аль аль улс төрийн намууд дотор орж, төлөөний хүмүүсээ нэр дэвшүүлээд өмнөөс нь мөнгийг нь төлж шударга бусаар өрсөлдөж байна. Сонгогчид маань маш хариуцлагатай байх ёстой. Сонгуулийг худалдаж авах, луйвардах, авлига авах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдолго нь маш ноцой эрүүгийн хэрэг. Эцсийн дүнг сонгогчид шийднэ. Иргэд идэвхтэй сонгуульдаа оролцох хэрэгтэй ялангуяа залуучууд. Залуучууд шударга нийгэмд амьдрахыг хүсч байвал сонгуулиа өгөх ёстой.

-СЕХ-ны удирдлагууд цахим сонгууль явуулах боломжийг судалж байгаа гэсэн?

-Цахим системээр явуулах боломж байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд манай улсад албан ёсны, баталгаажсан цахим шуудангууд бол алга. Маш олон хуурамч хаягууд байна. Манайд шуудан, харилцаа холбооны систем сайн хөгжөөгүй, хүндрэл гарах байх гэж бодож байна. Гадаадад байгаа  иргэдээсээ баталгаат цахим хаягаар саналыг нь авах маш олон санал, санаачлагууд СЕХ-нд өгсөн боловч хэрэгжээгүй шүү дээ. Боломж хязгаарлагдмал. Хяналт муу. Тиймээс үүнийг боломжгүй гэж харж байна.

Баялгийн хувьсгалын талаар олон жил ярьсан. ШИНЭ  намын үндсэн 5 хувьсгалын нэг нь баялгийн хувьсгал. Энэ хүндрэлтэй эдийн засгийн үед уул уурхайн баялаг дээр тулгуурлах нь цорын ганц гарц мөн. Оюутолгой Монголын хөгжлийн хөдөлгүүр. Гэхдээ өнөөдрийн байдлаар үр өгөөжөө өгөөгүй. 1800 тонн алтны нөөцтэй гэдэг. Зөвхөн алтны нөөцийг бодоход 100 тэрбум долларын үнэлгээ гарч байна. Ийм стратегийн ордын гэрээ хэлэлцээрүүдийг зөв ашиглах ёстой. Тэгэхээр баялгийн тэгш хуваарилалт, үр өгөөж нь иргэндээ очдог байх зарчим хуульэрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газрын зүгээс ажлуудыг хийх ёстой. Баялгийн хувьсгалыг орхигдуулж болохгүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд