Л.Болд: Оффшорын мөнгөний тоог Ерөнхийлөгчийн тогтоолыг УИХ-аар хэлэлцэх үеэр тодорхой мэдээлнэ

Уншсан тоо: 2,504   Огноо: 2021/01/22 15:24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Болдтой ярилцлаа.

-Монгол Улс ковид цар тахлыг дотооддоо алдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хөл хорио ч тогтоогоод явж байна. Таны хувьд цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Нийтийн дунд алдах хүртэл зөв ажиллаж байсныг ажлын үр дүн нь нотолно. Гэвч УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсны дараа эрх баригчид илт тайвширч, назгайран хариуцлага алдаж цалгардсаны горыг өнөөдөр бид улс орноороо амсаж байна. Одоо хамгийн гол нь хүн амаа өргөн хүрээтэй вакцинжуулах ажлыг яаралтай хийж, нийтийн дархлааг бий болгоход бүх анхаарлаа чиглүүлэх цаг юм. Ард иргэдээ хааж боогоод, хөл хориог чангалах, сулруулах замаар хэдий хэр удаан явах вэ. Хөл хориогоор аргацаах нь үр дүн муутай гэдгийг гадны туршлага ч харуулж байна. Дашрамд хэлэхэд вакцин авах зардал мөнгийг яаралтай шийдвэрлэх, гадаадад байгаа иргэдээ яаралтай татах талаар Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхэд эрх баригчид хойрго хандаж байгаа нь буруу юм.

-Коронавирусийн халдварын хорио цээрээс болж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ард түмний амьдрал туйлын хүнд байдалд орж байна. Ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж та үзэж байна?

-Цар тахлын хамгийн том хохирогч нь ард иргэд, аж ахуй, бизнес эрхлэгчид болж байна гэдэг нь туйлаас үнэн. Үүнд, дэлхийн дахинд нэг л төрлийн арга хэмжээ авч байгаа. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжийн өдөр тутам бодитойгоор санхүүгийн алдагдал хүлээж байгаа байдлыг бага ч болов хөнгөлөх гэж дэлхийн улс орнуудын төр засгаас хичээж байна. Санхүүгийн алдагдлыг нь санхүүгийн дэмжлэг туслалцаагаар нөхөх зохицуулалт энэ тахлын үед баримталж байгааг ойлгох хэрэгтэй юм. Иймээс иргэдэд бэлэн мөнгөний дэмжлэг, аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг нь тогтвортой хангах үүднээс цалингийн санг нөхөн олгох арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.  Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ. Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхтэй явсан гэж Ерөнхийлөгч ярилцлагадаа дурдсан. Хэдий хэмжээний мөнгө орж ирсэн гэж ойлгох вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргаж, Улсын Их хурлын тогтоолын төслийг нь өргөн барихдаа Засгийн газартай урьдчилж зөвшилцөж хийсэн алхам юм. Тэр үед улсын төсөвт тусгагдаагүй байсан, төсвөөс гадуур орж ирсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэж зөвшилцсөн. Оффшор бүсээс орж ирсэн мөнгө энэ тохиролцоонд хамаарна гэж бодож байна. Мөнгөний тоо дүнг Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар  хэлэлцэх үеэр тодорхой мэдээлэгдэх байх. Хоёр долоо хоногийн хугацаа алдсан ч тогтоолыг хэлэлцэж эхэлсэн нь сайшаалтай. Тогтоол дэмжигдвэл хоёр талын асар их ач холбогдолтой. Нэгдүгээрт, бэлэн мөнгөний хомсдолд орсон ард иргэддээ хэцүү цаг үед бодитой дэмжлэг үзүүлнэ, хоёрт үүд хаалгаа барихдаа тулсан дотоодын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчиддээ бага ч гэсэн амь тариа хийх юм. Гол нь төр засгаас зөв чиглэлд авах шат дараалсан олон арга замын эхлэл болно.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй болчихсон хэрэг үү. Хуульдаа Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой юм уу, үгүй юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд хэн нэгнийг 2021 оны сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Ийм заалтыг Үндсэн хуулиас хайгаад олохгүй. Хуульчид ч энийг сайн мэдэж байгаа. Ер нь сонгуулийг урьдчилж, хуулийн аргаар хүний эрхийг зөрчих замаар шийдэх гэж оролдохыг болих хэрэгтэй. Үндсэн хуулийн дагуу шийдвэрийг ард түмэн л гаргадаг байх ёстой. Миний хувьд 1992 онд Үндсэн хуулийг анх батлахад оролцож байсан. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлтийг батлахад ч гишүүн байсан. Өнгөрсөн онд дээрдүүлсэн гээд байгаа эдгээр өөрчлөлтийг батлахад ч ажлын хэсэгт нь орж ажилласан. Аль ч үед хуулийг дээдлэх, хүний эрхийг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь философи гэдэг үзэл бодол дээрээ бат зогсдог хүний хувьд ийм хариу хэлэх байна.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа. Энэ хууль гарснаар иргэдийн хүсч хүлээдэг шударга шүүх, шүүгч бий болох болов уу. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд хумигдсан талаар ч ярих юм. Хуулийн талаар таны байр суурийг сонсъё?

-Бид бүгд нийгмийн амьдралын зангилаа болсон энэ чухал багц хуулийг үзэл суртлыг кампаничилсан аргаар нэг намын бүлгийн дарамт шахалтаар шийдвэрлэсний гэрч боллоо. Өмнөх Их хурлын үед яг энэ кампаничилсан маягаар эрүү, эрүүгийн процессын багц хуулийг батлахад эцсийн цаад үр дүн нь хулгайн замаар гувчуулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох нууц зорилго байсан нь ил болсон. Нийгмээрээ харсан. Яг энэ жишгээр дахиад л нэг намын илт нөлөөтэйгөөр яах аргагүй ялсан намын хуулийн шинэ хонгил үүсчихлээ. Хаана хүрч зогсохыг та бид бас л харах болно. Харамсалтай нь ингэж далд хонгил үүсгэж баталсан хууль, тогтоомжуудын эцсийн хохирогч нь ард түмэн л болдог. Хууль нь шинэчлэгдсэн нь шүүгчид нь хэвээрээ байгаа. Уг нь шүүгчдийн томилгооны эрх мэдлийг УИХ болон Ерөнхийлөгч хуваах нь засаглалын хяналт, тэнцвэрийг хангах тал дээр илүү үр дүнтэй гэдгийг олон хуульчид, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл сануулж, хэлж байсан. Уг нь хоёр жилийн өмнө яг энэ өдрүүдэд Монголын ард түмэн Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж, МАНАН бүлэглэлийн хонгилыг нурааж, шүүх засаглалд хийх шинэчлэлийг эхлүүлсэн. Харамсалтай нь энэ хүрээд шударга ёсны хувьсгал замхарлаа. Мөн нийгэм эргээд нэг намын хязгааргүй ноёрхолд 30 жилийн дараа эргээд орлоо. Миний хувьд 1990 онд оюутнуудынхаа хамт чухам үүнийг л эсэргүүцэж тэмцсэн. Хоёр жилийн өмнө нам дамжсан дарангуйллыг эсэргүүцэж жагссан. Энэ зорилгын төлөө тэмцлээ цаашид ч үргэлжлүүлэх болно.

-Хоёр жилийн өмнөх жагсаал, тэмцэл гэснээс яг энэ нөхцөл байдлын дараа бий болсон ШИНЭ нам одоо үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа вэ?

-Сонгуулийн булхай луйвар ШИНЭ нам руу онцгойлон чиглэсний хүчинд манай нам УИХ-д суудалгүй болсон. Хэрвээ манай нам парламентад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байсан бол одоогийн Их хуралд гишүүдийн тооноос үл хамааран хүчтэй нөлөөлөх байсныг хүмүүс гадарлах байх. Гэлээ гэхдээ ШИНЭ нам энэ хугацаанд зүгээр суусангүй, орон нутгийн сонгуульд оролцож тодорхой тооны төлөөлөлтэй боллоо, Төв Зөвлөлийн хурлаа цахимаар хийлээ. Удахгүй намын Их хурлаа мөн хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Таныг Герман улсруу Элчин сайдаар явах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-ХБНГУ-д томилогдох Элчин сайдад тус улсад боловсрол эзэмшсэн хэд хэдэн хүний нэр дэвшиж байгаа гэдгийг мэдэж байгаа. Одоогоор албан ёсоор санал болгосон зүйл байхгүй. Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд мэргэшсэн чиглэлээрээ Ерөнхийлөгчид зөвлөх санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөд одоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ тухайд?

-Миний хувьд ашигт малтмал газрын тосны агентлагийн даргаар дөрвөн жил ажиллахдаа олж авсан итгэл үнэмшлээрээ 2008 оноос гурван УИХ дамжин баялагийн хувьсгалыг хийх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Энэ чиглэлээр хэд хэдэн хууль гаргахад санаачилж оролцсон. Үр дүнг нь ард түмэн бодиттойгоор мэдэрч хүртсэн болов уу.  Хамгийн сүүлд Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар УИХ-аас чухал тогтоол гаргахад оролцсон. Хоёр жилийн өмнө “Манан”-гийн эсрэг баялгаа алдсан ард түмэнтэйгээ хамт бүр идэр есийн хүйтэнд гудамжинд гарч тэмцсэн. Хэрэв ялагдсан бол өнөөдөр бид бүгд “Манан”-гийн хонгилд дүүжлүүлэх байсан биз. Монголын маань ирээдүй ч тун бүрхэг болох байсан. Чухамдаа Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний талд сонголт хийсэн учраас өнөөдөр бид Эрдэнэт, Тавантолгой, Салхит, Асгат, Багануур, Бэрх, Бор-Өндөр гээд 100 гаруй томоохон ордоо төрдөө эргүүлж аваад байна. Үүний төлөө тэмцсэн хүн бүрийг харлуулах аян дайн дэгдээд байгаагийн цаад шалтгаан нь ердөө энэ. Оюу толгойн хувьд ч  өнөөдөр шийдвэрлэх цаг үе ирж байна. УИХ-ын тогтоол одоо бодит ажил болох ёстой. Баялагын төлөө шударга ёсны хувьсгалыг удирдсан Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахлаж байгаа учир Монголын ард түмэн итгэж найдаж байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ том орд дээр эх орныхоо эрх ашгийг хамгаалахад чухамдаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үүрэг оролцоо асар их байх болно. Миний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хоёр ч Засгийн газрын танхимд хамтран ажиллахдаа түүнийг нугаршгүй эх оронч, үндэстний үзэлтэн гэдгийг бүрэн ойлгосон.

-Ерөнхийлөгч Шүүхийн хуульд хориг тавина гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Миний хувьд хориг тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Шударга гишүүд олон байгаа гэж найдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд