Генсекүүд юу хэлэв?

Уншсан тоо: 120   Огноо: 2020/04/23 11:51

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахыг уриалсан ч эрх баригч улс төрийн нам энэ саналыг дэмжихгүй байгаа. Сонгууль ойртсон энэ цаг мөчид ирэх сонгуулийн өрсөлдөөний өнгийг тодорхойлох томоохон намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ойрын үед хэлсэн үгнээс онцолж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Ардчиллын ялалтыг дахин түгээн дэлгэрүүлье гэдэг урилгыг хүргүүлж байна

/Дөрөвдүгээр сарын 13/ Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш, АН-тай нэгдэн ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоох уриалгыг хүргүүлж байгаа юм. 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэнэ. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй.

2016 оноос хойш хоорондоо ЖДҮ-ийн санг хувааж ЖДҮ-ийнхан, 60 тэр бумынхан гэж хуваагдаад амалсан амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа хэт олон болсон нам, эрх баригчдын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоож, Ардчиллын ялалтыг дахин түгээн дэлгэрүүлье гэдэг урилгыг хүргүүлж байна.  2020 оны сонгуульд Ардчилсан нам эв нэгдлийг эрхэмлэж, ардчиллын тугийг түгээн дэлгэрүүлэх уриалгатайгаар сонгуульд оролцох болсон. Мөн АН бусад улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох уриалгыг хүргүүллээ. АН санхүүжилтээ шилэн болгосон шиг бусад нам төсөв санхүүгээ шилэн болгох хэрэгтэй. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргачихсан. Сонгууль сонгуулийн хуулийн хүрээнд явагдана.  Айл болгон сонгуулийн үеэр танай намын мөрийн хөтөлбөр юу юм бэ? гэж асуудаг. Энэ мөрийн хөтөлбөрийг өрхийн тоогоор хэвлэж тараадаг. Ингээд сурталчилгааны 264 байр ажиллуулах тоо хэмжээг сонгуулийн хуулинд заасан. Үүнд үндэслээд Аудитын газар зардлын хэмжээг баталсан.  2020 оны сонгуульд намууд хэдэн төгрөгийн төсөв санхүүгээр сонгуульд оролцохоо зарла. Ялангуяа эрх баригч нам эдийн засгийн хүнд үед төсвөө тодотгохгүй, татвар төлөгчдийн мөнгөөр  үр ашиггүй зүйл хийх нь бид хардаж байна. Нийслэлд төв талбайн ногоон байгууламжийг нь устгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байна. Үүнийг олон нийт эсэргүүцээд байхад хийнэ гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Тиймээс намууд санхүүжилтээ шилэн болгохыг шаардаж байна. АН жил бүр Аудитын байгууллагаар санхүүжилтээ шалгуулдаг. Хоёр дахь шатны гэрээ гэж АН-ын үндэсний бодлогын хурлаар албан ёсоор батлагдсан зүйл байхгүй. Монголын улс төрийн намын хуулийн 18-р зүйлд улс төрийн нам өөрийн дүрмээр татвар, хандив тогтоох хуулийн заалттай. Ардчилсан нам үндэсний бодлогын хороогоороо татвар тогтоосон. Энэ татвар нь сонгуульд гарах зардлын бэлтгэл ажлыг санхүүжүүлэх зорилготой. Хэсэг бүлэг бизнесийн бүлэглэлээс улс төрийн нам ангид байх ёстой. Шулуухан хэлэхэд та бидний хэлдэг олигархи бүлэгллээс анги байх ёстой. Мөнгөнөөс хараат бус байхын тулд татварын хэмжээг үндэсний бодлогын хорооны олонхийн шийдвэрээр жигд тогтоосон. Бүгдээрээр татавартай, татвараа төлөөд явдаг үүнийгээ олон нийтэд нээлттэй, нууж хаах зүйл байхгүй гэдэг утгаар татварын хэмжээг тогтоосон. Нэгэнт сонгуульд зардал гарна гэдгийг Аудитын газар тогтоосон байхад бусад намууд энэ санхүүжилтыг хаанаас олж, яаж гаргах гэж байгаа нь нууц байгаа нь хардлага төрүүлж байна.

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Хэрэгжих боломжгүй хий хоосон популизмаас татгалзах  ёстой

/Гуравдугаар сарын 3/ Улс төрийн намын үндсэн зорилго бол сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх мэдлийг авч, улс эх орныхоо төлөө иргэд сонгогчдынхоо төлөө үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ дагуу бодлогоо хэрэгжүүлэх явдал. Улстөрийн нам нь ямар нэг бүлэглэл, эрх ашгийн нэгдэл биш, шинжлэх ухаанжсан институци болж хөгжин төлөвших ёстой. Манай намд эх орноо хөгжүүлэх нэг л амбиц, зорилго байх ёстой учраас бид намаа бодлогод суурилсан институци болгох алхам хийж байна.  Улс орны хөгжлийн бодлогыг  25-аас дээш 30, цаашлаад 50 жилээр тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ дөрөв, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө гаргадаг намыг бодлогын нам гэнэ. Өнгөрсөн хугацаанд улстөрийн намууд аль ялсан нь өмнөхөө үгүйсгээд, цоо шинээр бужигнуулдаг байдлаар явж ирсэн алдааг засах шаардлагатай. Ийм ч учраас бид “Алсын хараа-2050” хэмээх урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг боловсруулан өргөн хэлэлцүүлэгт оруулаад байна. Энэхүү бодлогын төслийг Засгийн газраас өргөн барьсан, УИХ хэлэлцэн батална. Нэгэнт парламентын баталсан хөгжлийн бодлогын баримт бичигтэй болчихоор  аль нэг худлаа хий хоосон амлалт, хавтгайрсан халамж амлахгүй, хөгжлийн бодлогоос халихгүйгээр намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг болох юм. Хэрэгжих боломжгүй хий хоосон амладаг популизм, популист үзлээс  МАН татгалзах  ёстой. Популизм хэмээх уран үг, цаг зуурын сэтгэлийн хөөрөлд дөрөөлсөн хорлонт үзэгдлээс Монгол Улсаа, Монголын ирээдүйг чөлөөлөх “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт МАН-ын гишүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Нам бол туг, тамга, барилга байгууламж биш. Үргэлж өөрчлөгдөж шинэчлэгдэж байх амьд организм шүү дээ. 

Олон жилийн туршид улс төрийн намуудыг мөнгөтэй, бизнес эрхлэгчидтэй холбож, ойлгож ирсэн. Бид бодлогын шинэчлэлийн хүрээнд улс төр дэх мөнгөний нөлөөг халах шат дараалсан үйл ажиллагааныхаа эхний алхам болгож сонгуульд нэр дэвшигчдээс ямар нэгэн хандив, дэнчин авахгүй болохоо мэдэгдсэн. Түүнчлэн нэр дэвшихийг горилогчдод ард иргэдээс болон албан байгууллагаас хууль зөрчсөн хандив дэмжлэг авахыг ч хориглосон. Энэ зарчим бол нам сонгуульд ялсан тохиолдолд өгсөн хандивын хэмжээгээр төрийн ажил, албыг худалдан авдаг мэтийн байдлыг таслан зогсоож байгаа шийдвэр юм. МАН  төрлийн нам биш түмний нам. МАН ах дүүгийн нам биш ардын нам байж ирсэн түүх уламлжал, үнэт зүйлтэй. Мэргэжлийн боловсон хүчин, хариуцлагатай, ёс зүйтэй, ажиллаж чадах хүмүүсийг бодлогоор дэмжих, ажиллуулах бодлого барина. Засгийн газрыг бүрдүүлэх, төрийн албанын томилгоонд өмнө нь гарч ирсэн урхагт алдаа дутагдлыг ахин давтагдахгүй байх суурь боломжийг нээх, улс төрийн шийдвэр гарлаа гэсэн үг. МАН-ын Удирдах Зөвлөл иргэд сонгогчдоос дэмжлэг авах бололцоотой, ёс суртахуунтай, боловсролтой хүмүүсээс сонгон нэр дэвшүүлэх бодлого барьж байгаа. Өнгөрсөн улс төрийн үйл явцуудаас харахад мөнгөтэй нь сонгуульдаж, мөнгөгүй ч мэдлэг боловсролтой, мэргэжил чадвартай, ёс суртахуунтай хүмүүс хоцорч үлддэг нь хэвийн бус хэвийн зүйл болчихсон. Тиймээс намын даргын хувьд ч тэр, Ерөнхий нарийн бичгийн дарга миний зүгээс ч мөнгө төгрөгийг биш мэдлэг чадварыг үнэлдэг  бодлогыг цаашид ч чандлан барьж ажиллах үндсэн зарчим байна. Нөгөө талаас манай нэр дэвшигчид маань бие даасан санхүүгийн эх үүсвэртэй явах тул намд  ирэх санхүүгийн  ачаалал бага байна. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч иргэнээс 5 сая төгрөг хүртэл, аж ахуйн нэгжээс  20 сая төгрөг хүртэл хандив авах эрх нь нээлттэй.

УИХ-ын  2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа үндсэн 3 зарчмыг барьж байна.Нэгдүгээрт,  Монгол Улсын хөгжлийн бодлого гэдэг аль нэг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын хүсэл зорилгоор бус Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангасан, хүний хөгжилд чиглэсэн байх зарчмыг барина. Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлаар албан ёсоор батлан гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бичиг баримтад тулгуурлан гаргана. Энэхүү үзэл баримтлааас гадна Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачлан ард иргэд, эрдэмтэн судлаачдынхаа оролцоотойгоор боловсруулсан “Алсын хараа – 2050” хөтөлбөрийг УИХ-аар баталбал энэ хөгжлийн баримт бичигт тулгуурлан гаргана. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчмыг баримтална. Гуравдугаарт,  Монгол Ардын Нам бол гишүүн төвтэй намын хувьд  намынхаа гишүүдээс санал авах, тэдний дуу хоолойг сонсож, тусгана. Мэдээж  иргэд сонгогчдынхоо саналыг авах, эрдэмтэн судлаачдынхаа зөвлөмж, шүүмжийг авч боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Тулга: Цар тахал үүссэн энэ нөхцөлд УИХ ажлаа хийхгүй байна

/Гуравдугаар сарын 25/ Цар тахал үүссэн энэ нөхцөлд УИХ ажлаа хийхгүй байна. Вирусын асуудал хамаагүй, төсөвт тодотгол хийхгүй гэж байгаа нь Монголын ард түмнийг бодсон төр засаг биш юм гэдгийг харуулж байна.

Оррон нутагт соёлын төв, барилга байшин барьна гэдэг нь тэнд амьдарч байгаа хүмүүст зориулсандаа биш, барих нэрийдлээр тендер зарлаж сонгуулийн мөнгөө хийх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Та бүхэгн орон нутагт очиж сонгуулийн сурталчилгаа хийхээ боль. Зургадугаар сад сонгууль хийхээ хойшлуулах хэрэгтэй. Цар тахал гарчихаад байхад биднийг хуулиар шахаж маш хүнд байдалд оруулахаа боль гэж хэлмээр байна. Улс төрийн намуудыг үүнд дуу хоолойгоо нэгтгэхийг уриалмаар байна. Цар тахлын энэ үед улс орноо, ААН-үүдээ бодох хэрэгтэй. Энэ хүмүүсийнхээ асуудлыг шийд, сонгуулиа хойшлуул гэж уриалмаар байна.

ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Мөнхжаргал:

-Шүүх засаглалд өнөөдрийг хүртэл ямар ч салхи ороогүй, юу ч өөрчлөгдөөгүй. Авлига авдаг шүүгч нар, МАНАН бүлэглэл, хонгилын шүүгч нь хэвээрээ л байна. Бид жилийн өмнө МАНАН-гийн 23 төрлийн томоохон гэмт хэргийг баримттай нь бүгдийг гаргаж тавьсан. Өнөөдөр шүүх, прокурор, цагдаа зэрэг шалгадаг байгууллагуудаар нь иргэний нийгмийн хүч шахалтаар жаахан ч гэсэн явсан. Гэхдээ шүүхийн шатан дээр очоод гацсан. Үндсэндээ сонгуулийг хүлээж байна гэж харж байна. Сонгууль хүртэл шүүхийн байгууллага энэ хэргүүдийг гацаах нь. Сонгуулийн дүнгээс шалтгаалаад энэ бүх хэрэг замхрах уу, өөрчлөгдөх үү гэдэг эгзэгтэй мөч тулаад байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагуудын шахалт хяналт, оролцоогоо багасгаж болохгүй.

ШИНЭ эвслийн мөрийн хөтөлбөр “Шинэ эргэлтийн бодлого 21” гэсэн үндсэн нэр томьёотой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хөдөө орон нутгуудаар явсан. Иргэдийн дунд төр засгийн юу болохгүй байгааг сонсох зорилгоор санал асуулга авсан. Үүн дээр давхацсан 30 гаруй мянган саналыг нэгтгэн боловсруулсан. Дээр нь эрдэмтэн судлаач, мэргэжлийн холбоодуудыг суулгасан. Нам тус бүрийн мөрийн хөтөлбөрүүдийг нэгтгэсэн. Үндэсний аудитын газар хууль журмын дагуу хугацаанд нь хүргүүлсэн. Үүнийг аудитын газраас хянаж үзээд хэд хэдэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Үндсэн концепцийн хувьд мөрийн хөтөлбөрт ямар нэгэн бэлэн мөнгөний амлалт байхгүй, хэт үрэлгэн төсөв яриагүй дандаа зарчим, үүрэг хариуцлага, дэг журам, сахилга бат амалсан мөрийн хөтөлбөр болсон.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд