"УИХ-ын гишүүн ба ББСБ-ын эзэн"

Уншсан тоо: 47   Огноо: 2020/04/22 11:01

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ЭЗБХ-ны хуралдаанаар /2020.04.15/ Санхүүгийн зохицуулах хорооны тайланг сонсох үеэр дараах асуудлуудыг хөндсөн юм.

Тэрээр "ББСБ-ын эздүүд хэн, хаана, юу хийдэг талаар өмнө би лавлаж байсан. Саяхан АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү гэж залуу жиргэсэн байна. ББСБ-ын эзэд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд байна аа гэж нэр ус, албан тушаалтай нь гаргаж тавьсан байна. Энэ үнэн бол төрийн өндөр алба хашиж байж давхар ББСБ эрхэлж болдог юм уу. ББСБ-ын эх үүсвэрийг шалгадаг уу. Хянан шалгалт хийлээ л гэж ярилаа. Саяхан сошиалаар Ч.Сайханбилэгийн мөнгийг угааж байгаа гэж нэг ББСБ-ыг зарлаад байсан. Удахгүй нотлох баримттай тавина гээд. Энэ үнэний ортой гэж бодож байна. Яагаад гэвэл 3 жилийн өмнө миний хувь эзэмшдэг компаниас ББСБ-даа мөнгө зээлье гэж байсан бол өнөөдөр дүрмийн сан нь 61 тэрбум төгрөг болсон гэж өөрөө надад хэлсэн. Яагаад дүрмийн сан огцом өсч байна? Энд авлигын мөнгө угаалт яваад байгаан биш үү. Түүнээс гаднаас мөнгө угаана гэж юу байх вэ. Үүнийг шалгадаг юм байна уу.

Бас нэг жишээ байна. 2016 онд Төрийн банкинд ажиллаж байсан бүх албан тушаалтнууд орон нутагт ББСБ-ын салбараа нээсэн.

Дорноговь аймагт Төрийн банкны захирал хийж байсан нөхөр төвөөс захирлуудтайгаа нийлж ББСБ нээсэн гэж байгаа. Энэ нөхдүүд өмнө нь бизнес хийж байгаагүй мөртлөө хаанаас, ямар эх үүсвэрээс мөнгө гаргаж байгаа нь тодорхой байх хэрэгтэй биз дээ. Та нар тайландаа "Терроризм" гээд Монголд байхгүй юм яриад үгний гарз.

Гуравт, ББСБ-аас өгч байгаа зээлийн хүү нь зээлнээсээ өндөр болчихож. Энийг шалгаж байна уу? Дорноговь аймагт сарын 7-10%-ийн хүүтэй, жилийн 84-120%-ийн хүүтэй мөнгө хүүлж байна. Надад баримт байгаа болоод ярьж байна.

Хөгшдийн тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр барьцаалаад хэдэн зуугаар нь давхарлаж аваачаад мөнгийг нь сар бүр хурааж авч байна. Ингэж болох уу. Зээлээсээ илүү өндөр хүү гэж юу байна. Бодитой амьдралтай шалгаач ээ. “Даашинхүүгийн пүүс” бол бүр цаашаа болсон.

Дөрөвт, ББСБ хажуудаа ломбардтай байна. ББСБ нь ямар татвар төлдөг вэ? Олсон ашгаа угаахын тулд ломбардаар угааж байна гэж хардаж байна" гэсэн юм.

Хэдийгээр Б.Дэлгэрсайхан гишүүн ямар нэг байгууллага болон хүний нэр дурдаагүй ч Нэткапитал санхүүгийн группийн үүсгэн байгуулагч Д.Сүндий өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд хандан дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр "Өчигдрийн Байнгын хорооны бичлэгийг үзлээ. Дэлгэрсайхан гишүүнд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь. Дорноговь аймгийн фейсбүүк групп, Улаанбаатарт бас миний зургийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баярцогт тэргүүтэй хүмүүстэй зэрэгцүүлсэн постерыг битүү тараасан. Эзэн нь олдохгүй байсан. Гэтэл ашгүй өөрөө гарч ирээд ярьчих шиг боллоо. УИХ-ын гишүүн хүн хэлсэн үгэндээ эзэн болж, хуралдааны танхимд хариуцлагатай бай. Би Ч.Сайханбилэг гэж хүнтэй 2008 оноос хойш нэг ч удаа уулзаагүй. Ерөнхий сайд болсон хойно нь нэг хоолны газар тааралдсан. Танихгүй байна лээ. Өнөөдөр залуучуудын үе ирж байна, ийм хачин юм, элдэв постер хийчихээд явж байх нь зохимжгүй байна. Үүнийгээ болих цаг нь болсон юм биш үү. 2008 оноос хойш бид бие биенээ мэднэ. Намайг өөрийнхөө чадлаар өдий зэрэгтэй яваа гэдгийг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бид маш олон ажил хамтарч хийж байсан. Ийм увайгүй юм ярьж болохгүй байх.

60 тэрбум дээр нь тайлбар өгье. Бид ББСБ-уудтай ажилладаг. Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас лизинг болон бүх даатгалын компаниудтай ажилладаг. Мөн хувь хүмүүстэй хамтарч ажилладаг. Бонд зарж хөрөнгө босгодог. Үндсэндээ 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бүх тайлан, тооцоо Санхүүгийн зохицуулах хороогоор хянагддаг. Мөнгө угаах ямар ч боломж байхгүй” гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд