Д.Ганбат: Засгийн газар, УОК зохион байгуулалтгүй, иргэн, ард түмнээ гэсэн сэтгэлгүй хүмүүнлэг бус байсан

Уншсан тоо: 294   Огноо: 2021/01/22 10:32

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

 УИХ-ын гишүүн Д.Ганбат:

"Монголчуудын өчигдрийн жагсаалыг захиалгатай мэтээр л та нар яриад байх юм. Ард түмэн өөрсдөө л гарч ирсэн шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдад Ардчилсан намын бүлгээс өчигдөр өгсөн шаардлагыг дахиад нэг сануулаад хэлчихье гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм хөгжүүлэхийг эрхэм зорилго хэмээн заасан байдаг. Гэтэл коронавирусийн халдвар, цар тахлын эсрэг Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зохион байгуулалтгүй байлаа. Иргэн, ард түмнээ гэсэн сэтгэлгүй хүмүүнлэг бус байсан.

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт удаа дараа санал, шаардлага хүргүүлсэн.  Цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы үеэр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ хуулийн дагуу, хүмүүнлэг, үр дүнтэй байх ёстойг сануулсаар ирсэн. Гэсэн ч эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж байгаа сайд дарга нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдэж, төрөөс иргэддээ хандах, хүнлэг ёс гээгдсээр байна. Цар тахалтай тэмцэх, бүх нийтийн хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхдээ зохих арга хэмжээ авч чадаагүйн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй иргэн улсынхаа нийслэл орж чадалгүй амь үрэгдсэн. Эх орондоо ирэх гэж хоног тоолон хүлээж суусан иргэн нас барж, дөнгөж төрөх орон дээрээс буусан эх идэр есийн хүйтэнд тусгаарлах байр руу ачигдаж байгаа нь сэтгэл эмтрэм байлаа. Өнөөгийн эрх баригчид болон Засгийн газрын ажлын бодит байдал энэ.

Энэ бол мөсөн уулын үзэгдэж байгаа нэг хэсэг юм. Эх орондоо ирэх иргэдээ удаан хугацаагаар хүлээлгэж, хүний нутагт өлсгөлөн зарлах хүртэл хүнд байдалд оруулж байна. Цар тахалтай тэмцэх засгийн газрын зорилго нь иргэдийнхээ амь нас, орлого амь амьжиргааг хамгаалах байтал иргэд нь зовж зүдэрч амь насаа алдлаа. Засгийн газар, Улсын онцгой комиссын хайхрамжгүй байдал нь иргэдийнхээ эсрэг гаргаж буй ноцтой үйлдэл.

Монгол Улсын Ерөнхий сайд та эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, хүнлэг бус хандсан. Монгол Улсын иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдлыг бий болгосон. Хариуцлага тооцох хүмүүсийнх нь нэрсийг нь зааж өглөө. АН-ын бүлгээс тэргүүн ээлжид УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Т.Сумъяабазар нарт хариуцлага тооц гэж хэлсээр байтал та хариуцлага тооцоогүй. Монголын ард түмнийг бодолгүйгээр энэ Засгийн газрыг огцруулж, засаглалын дутагдалд оруулж байна. Үүнийгээ та юу гэж тайлбарлах вэ? Энэ тайлбарыг чинь сонсчихмоор байна. Мөн жагсаалыг захиалгатай, хууль хүчний байгууллага захиалгаар ажилладаг гэж хэллээ. Нотолгоо баримт байна уу? Үүнийгээ, тайлбарлаач. Үндсэндээ энэ Засгийн газар коронавируст ялагдчихлаа гэж бодож байна” гэсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд