МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авахгүй

Уншсан тоо: 54   Огноо: 2021/01/25 15:37

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон түүнийг дагалдсан хуулиудад хэсэгчилсэн хориг тавьсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж тус намын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгийг мэдэгдээд байна.

Тэрбээр "Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Нэгдүгээрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор  УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан.  Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан  бол одоо  АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг эрхзүйн өөрчлөлт орсон. Ерөнхийлөгчийн  тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа өөрчлөлт юм. Тодруулбал,  өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан.  33 дугаар зүйлд найман чиг үүрэг бий. Үүнийг Ерөнхилөгч хэрэгжүүлэх бөгөөд  найман чиг үүргээс өөр зүйлийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан.

Тиймээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль  гэхчлэн өөр хуулиудаар Ерөнхийлөгчид  эрх мэдэл олгохыг хориглосон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг  нь зөвхөн Засгийн газарт байна гээд заачихсан. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон үзэл санааны дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Шүүхийн тухай хуульд тавьсан хориг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон түүнийг дагалдсан хуулиудад Ерөнхийлөгч мөн хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй" хэмээлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд