Б.Мөнхжаргал: Ерөнхийлөгчөөс гаргасан уриалгыг дэмжинэ гэдгээ ШИНЭ илэрхийлсэн

Уншсан тоо: 130   Огноо: 2020/04/04 13:36

ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

- Ойрын  үед COVID-19 халдварт өвчинтэй холбогдуулан маш олон арга хэмжээнүүдийг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа. Тэр ажлыг ШИНЭ нам дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түрээслэгчдийн эрх ашиг, бензин шатахууны үнийг бууруулах зэрэг асуудлуудыг хөндөж тавьсан?

-Саяхан Төрийн ордонд ШИНЭ эвслийн удирдлагуудын зүгээс мэдээлэл хийсэн. Үүн дээр тодорхой санаачлагуудыг гаргасан. Сovid-19 цар тахал тархаж, дэлхий нийтэд эдийн засаг болон нийгмийн амьдралд өөрчлөлт орж байгаа энэ үед улс төрийн намууд хариуцлагатай байя, улс төрийн оноо авахаас илүү нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтдаа даван туулах дээр нэгдэж ажиллах хэрэгтэй, ингэхийн тулд УИХ-ын дэргэд Үндэсний зөвшилцлийн хороог байгуулья хэмээн уриалга гаргасан. Вирустэй зэрэгцэж улстөрд оноо авах гэж хэмлэлдэх хэрэггүй, талцал бидэнд хэрэггүй. Зөвшилцлийн хороонд намуудын төлөөллүүдийг оруулъя, бодлогоо уралдуулаад нийгэм, эдийн засагт хэрэгтэй арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлье гэсэн санаачлага дэвшүүлсэн. Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд зөвхөн эдийн засгийн арга хэмжээнүүд байсныг та анзаарсан байх. Бидний зүгээс цар тахал нийгмийн амьдралд маш олон өөрчлөлтүүд оруулж байгаа учраас эдийн засаг болон нийгмийн салбар чиглэл бүрт хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн санал гаргасан.

-ШИНЭ-ээс гаргасан нэгдмэл бодлого дээр нэг зүйлийг онцолж асуумаар байна. Энэ бол түрээслэгчдийн эрх ашиг. Томоохон зах, худалдааны төвүүдийн түрээслэгч нарын эрх ашиг энд хөндөгдөж байгаа. Цаана нь маш олон гэр бүл, хувь хүмүүсийн эрх ашиг байгаа?

- Ийм асуудал улс орон болгонд л байгаа. Хөл хорионд орсон учраас хүнснээс бусад үйлчилгээ, аялал жуулчлал болон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрэлт зогссон. Бараа бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, тэнд ажилладаг 800 гаруй мянган хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийн амьдрал борлуулалтгүй болсноор хүнд байдалд орж байна. Ар гэрээ тэжээх ёстой, бизнесээ таслахгүй байх ёстой гэдэг үүднээс хүндрэлтэй байдалд орсон. Эдийн засгийн хямралын үед төрөөс худалдан авалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж хямралыг даван туулахад аж ахуйн нэгжүүдэд тусалдаг. Гэхдээ энэ удаагийн хямрал бол эдийн засгийн хямрал гэхээсээ илүү Засгийн газрууд маань ард иргэддээ энэ цар тахлыг түгээхгүй байхад хорио цээрийн дэглэмийн арга хэмжээ авч байгаа учраас энэ нь улам хүнд тусаад байгаа юм.

Ийм учраас эдгээр хүмүүсийн түрээс, зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд хойшлуулах тал дээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг үүднээс орхигдуулсан асуудлуудыг бид эрх баригчдад нэмж санал болгосон.

- Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсан байгаа. Гэтэл Монголд өмнө нь үнэтэй орж ирсэн шатахуунууд зарагдаж байна. Цаашид шатахууны үнийг бууруулах боломж байна гэдгийг ШИНЭ-ээс мэдэгдсэн?

- Эдийн засаг хэвийн байх үед төрөөс хэрэгжүүлж буй бодлого, зах зээлийн тогтолцоо тэр бүр зарим хүмүүст мэдэгддэггүй байж. Өнөөдөр цар тахалтай холбоотой эдийн засгийн хямралын үед бидэнд ямар дутагдал байж вэ гэдэг нь маш тод харагдаж эхэлж байна. Тухайлбал арилжааны банкуудын хүү, эргэн төлөлтийн  асуудал маш хүндрэлтэй байгаа. Үүний хажуугаар дэлхийн зах зээлд нефьт, бензин тосны ханш 70 доллар байснаа 19 доллар болж буурсан. Өөрөөр хэлбэл 70 хувь унасан. Гэтэл Монголд шатахууны үнэ хэвээрээ байгаа. Дөрөвдүгээр сар гаргаад бууна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэвэндээ байна.

Эндээс Монгол Улсын эдийн засаг цөөн хэдэн компанийн монопольчлолд орсон нь тодорхой харагдаж байна. Манай зах зээлийн эдийн засаг маань мөлжлөгийн эдийн засаг болчихсон байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн мэдрэмж алга. Энэ талд төр арга хэмжээ авч байгаа гэх боловч эргээд хувийн хэдэн компанийг гуйдаг, гувшдаг. Засгийн газраас хөрөнгө гаргаж бензин шатахууны импортыг түр хугацаанд гартаа авах хэрэгтэй, ингэж чадвал тодорхой хугацаанд эдийн засгаа хамгаалах чухал бодлого болно. Дээрээс нь шатахууны үнэ бодитоор тогтоно. АНУ, ОХУ, Хятадад бензин, шатахууны үнэ буухад манайд дагаад бууж л байх ёстой. Энэ бодлогыг ч бидний зүгээс боловсруулж, Засгийн газарт уламжилсан.

- Монголд хэсэг монополь компаниуд байна гэлээ. Нөгөө талаар банк, санхүүгийн байгууллагуудтай холбоотой шүүмжлэлүүдийг иргэд их тавьж байна?

-Бидний нэг санаачилсан, Засгийн газарт санал хүргүүлсэн асуудал бол Монголбанкны бодлогын хүүг 3 хувь болгох. Хямралын үед банкууд маань өндөр хүүтэй, эрэлт их болсон үед бодлогын хүүг бууруулах юм бол зах зээлд дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлт өсөх юм. Нийт мөнгөн хадгаламжийн 90 хувь нь цөөхөн хэдэн хүний нэр дээр байдаг гэсэн судалгаа байгаа. Бодлогын хүү буурахаар хадгаламжийн хүү буурна, энэ тохиолдолд хүмүүс хадгаламжаа бизнес, хөрөнгө оруулалтын зах зээл рүү гаргах тохиолдол ихэсдэг санхүүгийн зах зээлийн зарчимтай. Ингэвэл иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хангах гэж мөнгөн дэвсгэртийг дахин хэвлэж, ханш унагах эрсдлээс ч сэргийлнэ.

-Та бүхэн энэ асуудлаа Их хурлын даргад өргөн барихаа мэдэгдэж байсан. Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх гэж байна?

- Бүх санал санаачлагуудаа албан бичгээр УИХ-ын дарга болон бусад төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Чуулган эхлээд үүнийг ажил хэрэг болгох болов уу гэсэн бодол байна. Цар тахлын үед намууд хоорондоо өрсөлдөх дайсагнах бус нэг зүгт нэг дайсантайгаа нэгдсэн хүчээр тэмцэх нь илүү үр дүнтэй. Бусад намуудад ч мөн уриалга гаргаж байгаа. Олон эх сурвалжаас харахад энэ цар тахал тийм амархан алга болохгүй нь. Зургаан сар, цаашлаад жил хүртэл энэ нөхцөл байдал арилахгүй юм байна. Энэ хугацаанд ямархуу бодлогоор хамтарч ажиллах вэ гэдгээ хамтарч суугаад ярилцах дугуй ширээний механизмыг бүрдүүлэх ёстой. Үүний хажуугаар Ерөнхийлөгчөөс 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэдэг уриалгыг гаргасан. Үүн дээр ч ШИНЭ-ээс байр сууриа илэрхийлсэн. Ийм хүндрэлтэй нөхцөлд энэ бодлогыг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа хоёр гишүүн маань ч илэрхийлсэн.

- Нийгмийн даатгалын шимтгэл хөнгөлөх, Хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ Засгийн газар мэдэгдээд байгаа. Үүнийг та хэрхэн харж байна?

-Цар тахалтай холбоотойгоор орон гэртээ сууж байгаа ахмад настан, өрх толгойлсон эхчүүд зэрэг эмзэг бүлгийн иргэд маань орлогогүй болж байна. Нэг сар тэснэ, дараа дараагийн саруудаас хүндрэлтэй байдалд орно. Тийм учраас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа худалдан авалтын бодлогууд, тендер үйлчилгээ зэрэг эдийн засаг руу гаргаж байгаа мөнгөө оновчтой хуваарилмаар байна. Өнөөдөр бид бүрэн ажил эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл иргэд маань хашаагаа нийлээд тохижуулах, цэцэг тариад, гудамж талбайгаа тохижуулах, замаа цэвэрлэх ч гэдэг юм уу. Энэ тохиолдолд төрөөс иргэдэд ажлын байр гаргаж өгье. Тэгэхгүй бол төртэй хамаарал бүхий цөөхөн хэдэн компани, аж ахуйн нэгж, төрийн худалдан авалтуудыг аваад, энэ олон их наяд төгрөг маань цөөн хэдэн компанийн данс руу орох, мөнгөний эргэлт иргэд рүү орохгүй байх эрсдэлтэй. Ийм хүндрэлтэй мөнгөний эргэлтийг аль болох иргэн бүрт ялангуяа эмзэг бүлгийн иргэддээ хүргэх бодлогыг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд