Б.Энхбаяр: Ерөнхий сайд зүрхээ чагнаж ийм шийдвэр гаргасан гэж ойлголоо

Уншсан тоо: 136   Огноо: 2021/01/22 10:15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд нь Үндсэн хуульд зааснаар УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хариуцан тайлагнана гэдэг өгүүлбэр байдаг. Би энэ үгийг их утга учиртай үг гэж ойлгож явдаг. Хууль гэдэг бол угтаа бол бичсэн ёс суртахуун. Суртахуун бол хуулиасаа ч илүү дээд хүчтэй гэж бодож явдаг. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн асуудалд ёс суртахуунд захирагдсан шийдвэрийг Ерөнхий сайд өөрөө гаргалаа гэж ойлгож, хүлээж авч байна.

Энэ өдрүүдэд нийт ард иргэдийн зүрх өвдсөн, бас хямарсан, Ерөнхий сайд ч гэсэн зүрхээ чагнаж шийдвэр гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ бол бас том үлгэрлэл манлайлал. Ард иргэд сая, ялангуяа залуучууд маань ямар хүчтэй, ямар ухаантай, хэрсүү болж байгааг харж, баярлаж байлаа. Өөрсдийнхөө чин сэтгэлээр, итгэл үнэмшлээр тэд цугласан. Бас дуу хоолойгоо өргөсөн. Үүнийг ч гэсэн төр засаг маань бас сонслоо. Гэхдээ муу байвал сайн гэдэг төрийн тэргүүнтэй байж бид таарахгүй ээ. Би Монгол Улсын Ерөнхий сайдын үгийг хариуцлагатай үг гэж ойлгож байгаа. Үндсэн хуульт байгууллын эсрэг олон нийтийг турхирч байгаа үйлдэл 2017 оноос хойш гэмт хэрэг болсон бид өмнө нь ийм гэмт хэрэггүй байсан шүү. Энэ үйл ажиллагаа нотлогдох ёстой, тодорхой санхүүжилтийн асуудал яригдаж байна. Ийм юмыг хүлцэж болохгүй.

Яагаад ард иргэд өөрсдийнхөө зүрх сэтгэлээр жагсаж, цуглаж болдоггүй юм. Яагаад заавал тэдний жагсаал цуглааныг, өөрийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө улс төрийн зорилгоор нураах гэж байгаа юм. Хэн хожих гээд байгаа юм. Улс орноо сүйтгэж хаячихаад юуны тэргүүн болж үлдэх гээд байгаа юм. Улсаасаа давсан том толгойг бол Монгол төр хэзээ ч хүлцэж байгаагүй. Одоо болоо шүү дээ, мэднэ шүү дээ өөрийг чинь. (Ерөнхийлөгч Х.Баттулгад хандав) Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төлөө яг байсан уу? Би Ерөнхий сайд Хүрэлсүх намын даргад нэг зүйл баяртай явдаг. Шүүхийн шинэтгэлийг үнэхээр шүүхийг хэнээс ч хараат бус болгоё гэсэн улс төрийн манлайллыг, лидершипийг өнгөрсөн өдрүүдэд үзүүлж, үүнийг үнэхээр шийдье гэсэн ийм зүрх сэтгэл гаргаж ажилласанд нь би хувь хүнийхээ хувьд талархалтай явдаг. Хувь хүнийхээ хувьд энэ бол үлгэрлэл, манлайлал. Энэ бол үйлдэл.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд