Л.Энх-Амгалан: Вакцины асуудал дээр Дэлхийн банкны 50 сая долларыг хүлээгээд суумааргүй байна, Шадар сайд, Сангийн сайд аа?

Уншсан тоо: 171   Огноо: 2020/11/19 13:28

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цар тахлын аюул Монголд нүүрлэж, Монголчууд бид энэ аюултай нүүр тулж байна. Өчигдөр Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, орлого, ажлын байрыг хамгаалах чиглэлд 23 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зарласан байгаа. Би гурван асуудал дээр л ярья гэж бодож байгаа юм. За нэгдүгээр асуудал, сая Шадар сайд мэдээлэл өгсөн. Энэ вакцины асуудал одоо ер нь дэлхийн улс орнууд ард иргэдээ эрсдлээс хамгаалах хамгийн том арга хэмжээ болоод байна. Ерөөсөө нэгдүгээрт вакцин, хоёрдугаарт вакцин, гуравдугаарт вакцин. Тэгэхээр бид нар энэ Дэлхийн банкны 50 сая долларыг хүлээгээд суумааргүй байна л даа. Шадар сайд аа, Сангийн сайд аа?

Одоо энэ Эрүүл мэндийн даатгалын сан чинь, ард иргэд маань өнөөдөр эрсдэлд орчихоод байна. Бид энэ даатгалынхаа мөнгийг одоо л зарах ёстой шүү дээ. Зарах ёстой. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл 500 орчим тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна гэж байгаа юм. Тийм биз, Мөнхсайхан сайд аа?

Сангийн сайд энэ Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг, эрсдэлийн санг нь байгуулж өгмөөр байна. Өнгөрсөн жил байгуулж өгөөгүй. Одоо энэ жил. Эрсдэлийн санг байгуулах юм бол бид 50-60 тэрбум төгрөгийн боломжийг нь Эрүүл мэндийн сайдад нь өгмөөр байна. Цаг алдалгүйгээр өгмөөр байна. Тэгээд энэ мөнгөөр вакцин авах ажиллагаагаа зохион байгуулах боломж дотоодод байгаа юм.

Хоёрдугаар асуудал бол ер нь ард иргэдээ энэ цар тахлаас хамгийн сайн хамгаалж байгаа улс орнууд байна. Герман улс байна, Тайвань байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж бол маскаа зүү, гараа сайтар угаа, зайгаа барь, голомтын халдвар гарвал хяналтад ав  гэсэн ийм л зөвлөмж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр бид энэ Герман, Тайваньтай адилаар эрсдлийн бүлэгт байгаа ард иргэддээ маск өгмөөр байна. Хүнсний талон авч байгаа 240 мянган иргэд байна, тэтгэвэр тэтгэмж авч байгаа 360 мянган хүн байна. Ард иргэд маань өнөөдөр маскаа авах уу, талхаа авах уу гэдэг дээр тулчихаад байна шүү дээ. Маскаа авах уу, талхаа авах уу.

Гуравдугаар асуудал бол иргэдийн ажлын байрыг хадгалж үлдэх, иргэдийн орлогын асуудал. 360 мянган ахмад тэтгэвэр авч байгаа. 200 мянган төсвийн ажилтнууд өнөөдөр цалинтайгаа байна. Хүүхдийн мөнгө авч байгаа 1.2 сая хүүхэд, ямар ч байсан 640 мянган өрх хүүхдийн мөнгөөр өнөөдөр өнөө маргаашаа болгоод байгаа юм. Гэтэл яг өдрийн орлогоор амьдардаг, зах дээр зогсож байгаа, өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 150-180 мянган хүн өнөөдөр маш том эрсдэлд орчихоод байна. Өдөр бүхэн өдрийнхөө орлогоор амьдардаг 150-180 мянган хүн байна гэж судалгаа гарчихаад байгаа юм. Энэ улсуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа. Бид тайван цагийн төсвийн бодлого, тайван цагийн мөнгөний бодлого хэрэгжүүлж болохгүй ээ. Бид тахлын үеийн төсвийн бодлого, тахлын үеийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх ийм шаардлага өнөөдөр тулгарчихаад байна.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар: Би түрүүн хэлсэн. Энэ вакцинтай холбоотой асуудлаар бид Дэлхийн банктай хамтарч ажиллаж байна. Манай Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам энэ чиглэл дээр ажиллаж байгаа. Covid-19-ийн alliance-д олон улстай хамтран ажиллахаар нэгдсэн. Одоогоор бол яг эцэслээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрчихсөн вакцин хараахан гараагүй байгааг бас та бүхэн ойлгох хэрэгтэй байх аа гэж бодож байна. Эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байх асуудал бол маш чухал. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар, УИХ хавраас хойш шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Хүүхдийн мөнгийг 180 мянган төгрөг болгох, нийгмийн халамж, хамгааллын мөнгө нэмэгдүүлэх чиглэлээр бид шат дараатай арга хэмжээ авсан. Одоо бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ өдрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ дээр гол анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Бид энэ бүлгийн хүмүүстэй ажиллах тодорхой төлөвлөлтүүд гаргаад, нөхцөл байдлыг газар дээр нь явж үзэх, холбогдох, хөрөнгө мөнгүүдийг энэ өдрүүдэд дансанд нь шилжүүлэх, картанд нь шилжүүлэх ийм арга хэмжээнүүдийг хийж байгаа. Үүнээс гадна тодорхой дүүрэг бүсчилж, хүнсний нэмэлт өгөх ажиллагаануудыг зохион байгуулж байна. Дотуур байрны хүүхдүүдийн асуудал үүссэн. Үүн дээр Боловсролын яамнаас бас тусгай ажлын хэсэг гарч бүх дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хангамжийн асуудлыг тогтворжуулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг бас хэлье.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Л.Энх-Амгалан гишүүний асуултад хариулъя. Дэлхийн банкнаас бид энэ вакцины санхүүжилтийг хүссэн юм аа. Гэхдээ яг ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч гол асуудал байгаа юм биш. Дэлхийн хөгжиж байгаа, ядуу буурай орнуудад зориулаад энэ вакциныг авах боломжийг хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол COVAX хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэд хэдэн байгууллагууд, Европын комисс зэргийн байгууллагууд санаачилсан юм. Энэ санаачилсан дөрвөн байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тийм учраас бид Дэлхийн банкинд хандаж байгаа. Вакцины борлуулалтын зах зээл яаж явах вэ гэвэл хэн мөнгөө төлсөн, тэр нь л түрүүлж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд, баян орнууд бол ихэнх нь мөнгөө өгөөд захиалчихсан байж байгаа. Хөгжиж байгаа Монгол шиг орнуудад орж ирэхэд төвөгтэй байдаг учраас бид арай замыг нь дөтлөх зорилгоор энэ COVAX хөтөлбөрт орж Дэлхийн банкаар дамжуулж авахаар хүсэлтээ тавьчихсан юм. Одоо хүн амынхаа 60 хувийг бид вакцинжуулах төлөвлөгөөтэй явж байгаа. Одоо хуваарилъя гэж бодоход пар хийтэл 100 хувь орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр эхний 20 хувь дээр Эрүүл мэндийн салбар, ковидтой нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсээ вакциндая гэдэг зорилго тавигдаж байгаа. Дараагийн 40 хувь нь 10 доллараар хоёр тун хийгдээд явна.

Ингээд 60 хувь. Үлдсэн 40 хувийг яах вэ гэж. Хүүхдүүдэд бол хийхгүй гэсэн бодолтой байгаа. Мөнгөндөө бол гол асуудал биш ээ. Тэрийг бид өөрсдөө гаргаад ч явсан болно. Хамгийн гол нь богинохон хугацаанд тэр вакцинд нь орж авах ийм л зорилттой байгаа.

Ер нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам гурав энэ вакциныг яаж богинохон хугацаанд Монголд оруулж ирэх вэ гэдэг чиглэлээр нэлээд ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрсдэлийн сан байгуулах нь их чухал байгаа юм. Бид ийм нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах нь туйлын чухал байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд эрсдэлийн санг үүсгэх ёстой гэдэг дээр байр суурь нэг байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд