“Санаачилга, санаачилга, бас дахин санаачилга”

Уншсан тоо: 482   Огноо: 2020/03/05 16:23

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж элдвийн санаачилга гаргахдаа гаргууд. Politik.mn сайт түүний сүүлийн 10 гаруй жилд дэвшүүлэн тавьсан олон санаачилгыг тоймлон уншигчдадаа эргэн сануулж байв. Энэхүү тойм ихээхэн урт жагсаалт болсон байгаагаас үзэхэд тэрээр дэлхийд хосгүй санаачлагч болох нь илт байна. Харин үр дүнг нь юу гэж дүгнэх нь уншигч Таны хэрэг.

 

“Санаачилга, санаачилга, бас дахин санаачилга”

Сэдэгч Ц.Элбэгдорж

2004 он. АНУ-ын Харвардын сургуульд суралцаад ирсэн Ц.Элбэгдорж “Нүүх үү, үлдэх үү” сэдэвтэй лекц уншиж явахдаа Хархориныг хөгжүүлэх, Монгол Улсын нийслэлийг Улаанбаатараас Хархорин руу нүүлгэх санаачлага гаргав. Түүгээр ч зогсохгүй Хархорины Засаг даргаар ажиллахад бэлэн байгаагаа хэлж, өөрийн амьдрах газартаа шав тавьжээ.

2004-11 сар. Монгол Улсын Ерөнхий сайд болсон намраа Ц.Элбэгдорж Ядууралтай дайн зарлаж байгаагаа мэдэгдэв.

2005-02-25. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монгол орныг цөлжилтөөс сэргийлж, байгалиа хамгаалж, агаарын бохирдлыг багасгахын тулд улс даяар мод тарих “Ногоон хэрэм” хөтөлбөр санаачилж “Албан даалгавар” гаргаснаа зарлав. Энэ ажлыг гардан зохион байгуулах үүрэгтэй хөтөлбөрийн газар байгуулж улсын төсвөөс санхүүжүүлэх боллоо. Монгол орны баруун талаас зүүн хязгаар хүртэл элсний нүүдлийг зогсоох “Ногоон хэрэм” байгуулж, нийтдээ 250 000 га газрыг ойжуулах амлалт өгчээ.

2005-04-08. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж манай хөгжилд хамгийн том тээг саад болоод байгаа авлигатай дайн зарлаж, УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “ Бид авлигын учир шалтгаан, эхийг мэдэж, авлигыг бульдозердоно” гэж амлалаа.2

2005 он. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж “дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ авах ёстой лиценз болон үйлдвэрлэл явуулахад тээг болдог байсан хэт олон тогтоол журмуудыг цөөлнө, хүнд суртлыг үгүй хийнэ” хэмээн мэдэгдэж хэд хэдэн тогтоол шийдвэр, зөвшөөрлийн бичгийг өөрөө үлгэрлэн урж хогийн саванд шидэв.

2005-10-03. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж УИХ –ын чуулган дээр утаатай дайн зарлав. Тэрээр хэлэхдээ, ”Ядуурал түүх болоогүй байхад, ядууралтай эхлүүлсэн дайн ялалтаар төгсөөгүй байхад Монгол төрийн санаа амрах тухай ойлголт байхгүй. Сэрүүний улиралтай цуг сэрж байгаа утаа бол ядуурлын утаа” гэж мэдэгдэв.

2006-12-12. Ц.Элбэгдорж “Эрдэнийн хувь” нэртэй нийтлэл бичиж “Өдрийн сонин”-д хэвлүүллээ. Уг өгүүлэлдээ алдарт Тавантолгойн нүүрсний ордоос ард түмэндээ хувь эзэмшүүлэх санал дэвшүүлэв.

2008.6 сар. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж иргэн бүрт байгалийн баялгийн орлогоос нэг сая төгрөгийн хувь хүртээх “Эрдэнийн хувь”-ийн амлалтаа намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулав. МАН үүний хариуд иргэн бүрт 1,5 сая төгрөг тараах “Эх орны хишиг”-ийг амлав.

2009 он. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж “ Одон тараадаггүй, овоо хэсдэггүй Ерөнхийлөгч байна” хэмээн ард түмэндээ амлалт өглөө.

2009 он. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо АН-ын амласан “Эрдэнийн хувь”, МАН-ын амласан “Эх орны хишиг” хоёрыг нийлүүлэн иргэн бүрт 2,5 сая төгрөг өгүүлэхийн төлөө ажиллана гэж амлав.Capture

2009-04-13. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгаагаар зүүн аймгуудад ажиллах үеэрээ “Эхчүүд, эмэгтэйчүүдийн нуруун дээр ирж байгаа ачаа их хүндэрч байна. Мэдээж ахмадуудынхаа үг сургаалыг сонсож, тэдний хэлсний дагуу зүтгэж ажиллана. Залуучууд, хүүхдүүдээ дэмжиж ажиллана. Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байхын төлөө ажиллана” гэж амлалаа.

2009 он. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр болсон дээд хэмжээний уулзалтад оролцоод ирсний дараа Засгийн газрын танхим цөлжилттэй тэмцэх асуудлаар Өмнөговь аймагт очиж элсэн дунд хуралдсан нь дэлхий дээр онцгой газар хуралдсан улс орны жишээ болж тэмдэглэгдэв.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн 5 болон 10-р сард нийтээрээ мод тарих уриалга гаргав.

2009 он. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн албаны зөвлөлийг татан буулгана. Ингэж байж төрийн албаны нүсэр бүтцийг багасгаж, илүүдэл жинг нь арилгана” хэмээн хэдэнтээ мэдэгдэв.

2010-01-14. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг гүйцэтгүүлэхгүй байх байр сууриа УИХ-ын чуулганы хуралдаан дээр илэрхийлж, улмаар шүүхээс цаазын ял оногдуулсан хүмүүс өргөдөл гаргавал уучлал үзүүлэхээ амлажээ.

2010-04-27. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн хайгуулын лиценз олгох болон шилжүүлэх ажлыг гурван жилийн хугацаатай хориг тавьж зогсоож байгаагаа зарлав.

2010-09-01. Жил бүрийн есдүгээр сарын нэгэнд ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг Ерөнхийлөгч зааж байх санаачлага гаргав. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бүх дунд сургуульд Үндсэн хуулийн хичээл заадаг боллоо.

2010-12-31. Оны шилдэг тамирчдад “Бөртэ чоно” шагнал гардуулах ёслол дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Архигүй Монголын төлөө” аян өрнүүлж байгаагаа зарлаж, оргилуун дарс тулгадаг байсан заншлыг халж оронд нь сүү өргөхийг уриаллаа.

2011-01-12. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь намын бүлгийн дарга нар, зарим Байнгын хороо, УИХ-ын гишүүд, яам, Улаанбаатар хотын удирдлагуудтай нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зөвлөлдөв. Үүнээс 8 хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар” төсөлд хамрагдаж буй айлуудаар явж үзжээ. Дараа нь Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулахдаа “Агаарын бохирдол тэвчих боломжгүй хэмжээнд хүрч, Монгол хүний амь нас , эрүүл мэнд аюултай байдалд орсон” гэж дүгнэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улмаар “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийн төсөл санаачлан батлуулж, дэргэдээ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулах шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдэв. Залгаад Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан байгуулагдлаа.

2011 он. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасны дагуу жил бүрийн 12 дугаар сарын 29-нд 128 бөх барилдуулж түрүү бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит цом өгүүлдэг боллоо.

2011-01-25. Олон улсын Олимпийн хорооны төв байранд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочлохдоо, 2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны зуны Олимпийг Монгол Улс зохион явуулах боломжтой гэж мэдэгдэв. ОУОХ-ны тэргүүн Жак Рогге:- Монгол Улсын төрийн тэргүүний санал, санаачлагад нааштай хандаж байна. Энэ их ажлын эхлэлд амжилт хүсч байна гэжээ. Харин Олимпийн хөдөлгөөний түүх судлаач В.Штейнбах:- Энэ үгнүүд нь өндөр албаны хүмүүсийн найрсаг харилцааны хэллэг болох уу, Монгол Улсад Олимпийн тоглолт явуулах мэдэгдэл болох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Монгол Улсын хувьд 2040 онд Олимпийн тоглолт явуулна гэдгийг ойлгоход хэцүү байна. Энд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Учир нь зуны Олимп нь өвлийнхөөсөө илүү өртөг зардалтай. Яг одоогийн байдлаар Монгол Улс ердөө хоёр цэнгэлдэх хүрээлэнтэй. Энэ нь Олимп явуулахад бага байна гэж бичсэн байдаг.

2011-08-23. ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге Монголд айлчилж Ерөнхийлөгчид бараалхах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн эх орондоо Олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэлтэй байдгаа дахин илэрхийлж, энэхүү уулзалтаар энэ асуудлыг дахин ярилцсанаа нотолсон дурсамж бичигт гарын үсэг зурцгаажээ.

2011-09-21. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ, Монголын газар шороонд цөмийн хог хаягдал булшлахгүй гэж дэлхийд зарлав.

2011-11-27. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь Улсад айлчлах үеэрээ Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттертай уулзаж, 2027. 2031. 2035 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2042. 2046. 2050 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авахын төлөө Монгол Улс өрсөлдөх болно гэж мэдэгдэв. ОУХБХ-ны ерөнхийлөгч З.Блаттер хариуд нь,”Та өөрийнхөө үеийн төлөө биш, өөрийнхөө дараа үеийн төлөө ч биш, өөрийнхөө дараагийн дараагийн үеийн төлөө ийм алсыг харсан том хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь гайхалтай сайхан санагдаж байна” гээд тэд “Мөрөөдлийн санамж бичиг”-т гарын үсэг зуржээ. Энэ үйл явдал болсноос дөрвөн жилийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 30-нд З.Блаттер ерөнхийлөгч “Монгол Улс 2050 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болно” гэж мэдэгдсэн байна.

Хэдийгээр зөвхөн З.Блаттерийн шийдвэрээр 2050 оны тэмцээнийг хаана зохиохыг шийдэхгүй ч, түүний үгс дэндүү итгэлтэй байсан нь дэлхий нийтийг гайхшруулж, З.Блаттерийг Монгол Улсаас авилга авсан гэж хардсан мэдээллүүд гарч эхэлжээ.

2011-12-29 Эмч Б.Болдсайханы “Олуулаа болцгоох” санаачлагыг дэмжиж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уриалга гаргахдаа дэлхийд тархан суурьшсан Монголчуудыг Монголдоо эргэн ирэхийг урив. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүсэлтээр “Их Майдар” төсөл, УИХ-ын гишүүн Н.Батбаярын хүсэлтээр “Монгол төрийн тулганы галыг бадраах” талаар зарлигууд гаргаж өгөв.

2011 оноос эхлэн ЕБС-ийн нэгдүгээр ангид Монголын уламжлалт ухаан, арга билгийн ухааныг заах тухай зарлиг гаргав.

2012-01-01. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдсанаар нийт их, дээд сургуулийн бүх оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхлэв.

2013-11-14. ”Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 3.0 –оос доош сурлагын голчтой оюутанд 70 мянган төгрөгийг олгохгүй болж, ойролцоогоор 30 гаруй мянган оюутан тэтгэлгээс хасагдав.

2012-09 сар. – Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дунд сургуульд орос хэлний оронд англи хэлийг хоёр дахь хэл болгон зааж байх санаачлага гаргав.

2012-09-17. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад уг статусыг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурав.

2012-10 сар. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж техник мэргэжлийн сургууль, тусгай мэргэжлийг хүчтэй дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах санаачлага гаргав.

2012-10-24. Есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад явж байсан 12 настай Есүгэн охин барилгын кран машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Талийгч охины аав нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байхыг хуульчлан баталгаажуулж өгөхийг хүсэхэд Ц.Элбэгдорж, барилгын болон бусад салбарт анхаарлаа хандуулж, авааргүй ажиллах нөхцөл боломжийг хангах хэрэгтэйг онцлоод, жил бүрийн есдүгээр сарын 3-ныг Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх, барилгын салбарын аюулгүй ажиллагааг хангах талаар анхаарах, Монгол хүний амь насыг үнэ цэнэтэй байлгах өдөр болгох санаачлага гаргаж байгаагаа хэлжээ.images

2012 он. Монголчууд түүхэн бахархалтай өдөртэй байх ёстой гэдэг үүднээс Ерөнхийлөгч их эзэн Чингис хааны мэндэлсний ойг тэмдэглэх санаачлага гаргаж, энэ өдрөөр Монголын түүхэнд гавъяа байгуулсан иргэнээ Чингис хааны одонгоор шагнадаг болов.

-Ерөнхийлөгч олон нийтийн саналыг харгалзан тамирчдыг дэмжих, сум бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах санаачлага гаргажээ.

2012-12-28. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ АНУ руу хууль бусаар гарсан тиранозавр батаар болон бусад гурван төрлийн зургаан үлэг гүрвэлийн ясыг Монголд буцаан ирүүлэх болсон тухай мэдээлэв. Тэрээр Монголоос гаралтай байж болзошгүй Батаар гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах тухай анх сонссон өдөр болох тавдугаар сарын 18-ныг жил бүр “ Монгол Батаарын өдөр” болгон тэмдэглэх зарлиг гаргаснаа зарлав.

2013 он. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлж, утаатай тэмцэх ажлыг Засгийн газарт шилжүүлэв. 2015 оны Төсвийн тухай хуулиар Засгийн газрын “Цэвэр агаар” сангийн төсвийн тал хувийг нь хасав. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албыг татан буулгахаар шийдвэрлэлээ.

2013-05-06. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа “Аж ахуйн нэгж бүр хүүхдийн цэцэрлэг байгуулах” уриалга гаргав. Тэрээр, аж ахуйн нэгж бүхэн ажлын газартаа том өрөө гаргаад ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэг байгуул! Ажилчдад хэчнээн амар вэ? Төрийн байгууллага ч байсан дарга, сайдынхаа олон өрөөний 2-ыг нь хүүхдийн цэцэрлэгт зориул!, Хамгийн амар шийдэл байгаа биз, би энэ талаар Э.Бат-Үүл даргатай ярьж байгаа гэж мэдэгджээ.

2013-06-10. Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг түүний Тамгын газрын дарга П.Цагаан УИХ –ын даргад өргөн мэдүүлэв. Хэрвээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашихгүй. Өөрөөр хэлбэл сайд нар “давхар дээл”-ээ тайлна гэж Ерөнхийлөгч тайлбарласан бөгөөд хууль хэрэгжих хугацааг 2016-07-01-нээс гэж санал болгосон нь олон сар үргэлжилсэн маргаан дагуулав.

“Ц.Элбэгдорж энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах ээлжит улс төрийн явуулга” гэж зарим хэвлэлд бичиж байв.

2013-06-27. Сонгуульд дахин ялсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : -Би хамт өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартайгаа хамтран ажиллана гэж мэдэгдлээ.

2013-07-10 Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөв. Тэрээр тангаргаа Чингисийн талбайд буюу анх удаа олон нийтийн өмнө өргөв. Ерөнхийлөгч энд хэлсэн үгэндээ, -Баялаг бүтээхэд оролцох иргэдийн оролцоо нэмэгдэж баталгаажна. Хуваагдлыг бус, бүтээхийг дэмжинэ. Баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжинэ. Энэ бол амлалт биш, энэ бол бидний хийх ажил. Энэ ажлыг тасалдуулах эрх хэнд ч байхгүй. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллана хэмээн амлав.

2013 оны хамгийн анхны зарлигаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оныг Шууд ардчилал- иргэдийн оролцооны жил болгон зарлалаа.

2013-04 сар. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ”хийж байх санаачлага гаргажээ.

2013 он. Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор ГХЯ-ны дэргэд “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулж улсын төсвөөс санхүүжүүлэх болов. Сан нь Мьянмар, Киргиз, Афганистан, Хойд Солонгост Монголын шилжилтийн туршлагаас түгээх зорилготой ажээ.

2013-10-30 Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр Пеньянд 50000 суудалтай гэгдэх цэнгэлдэх хүрээлэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдүүдтэй хөлбөмбөг өшиглөж наадлаа. Хожим нь айлчлалын үеэр талууд тохиролцсоны дагуу Хойд Солонгост 10 мянган мал гаргах ажлын эхлэл болгон 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр Дорнод аймгаас 104 үхэр онгоцоор ачуулж Хойд Солонгост явуулав.

2013-11-16. “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм нэртэй санаачлага гаргаж байгаагаа зарлав. Энэ хүрээнд “Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай”, “Нийтийн сонсголын тухай”, “Захиргааны ерөнхий хууль” “Шилэн дансны тухай” хуулийн төслүүдийг парламентад өргөн мэдүүлэхээ мэдээллээ.

2014-01-22. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар боловсруулж байгаа Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг танилцуулав. Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах тогтолцоо үгүйлэгдэж байгаа учир энэ хуулийг боловсруулсан гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Мөн баялгийн сан нь хүний хөгжлийн санг ухаалаг төрийн бодлогын хүрээнд, илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат болно. Баялгийн сангийн тогтолцоо хуульчлагдсанаар Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болно гэж хууль боловсруулагчид үзсэн байна.

2014-04-19. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад нурууны хагалгаа хийлгээд буцахдаа Монголдоо эрүүл мэндийн сайн чанарын үйлчилгээ үзүүлэх эмнэлэгтэй очих гэж байгаа тухай Токиод суугаа манай Элчин сайд С.Хүрэлбаатар мэдээлэв. 

2014-07-11. Үндэсний их баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, “Морьтон Монголчууд аа, морио унацгаая аа! Хурдыг эзэмшиж, адууныхаа соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлалт соёлоороо бахархацгаая, гайхуулцгаая. Морио унаж эдлэн морьтойгоо малаа хариулъя, морьтойгоо наадамлая, Монголчууд аа” хэмээн уриалав.

 

2014-09-11. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ –ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт-”ыг тогтмол хийж байх санаачлага дэвшүүлэв.

2014-10-17. Италийн Милан хотноо болсон АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг зөвшөөрүүлж чадсан тухай мэдээ түгэв. Энэ уулзалтын бэлтгэл ажилд зориулан Богдхан уулын хормойд 50 хаус бариулахад зориулж Засгийн газар эхний ээлжинд MCS компанид 5 тэрбум төгрөг хуваарилж, 32 зочид буудалд 198 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгов.

2014-11-17. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж UBS телевизийн “Улс төрд манлайлагч” зорилтот хөтөлбөрийн оролцогчидтой уулзахдаа,”-Засгийн газар цэвэр мэргэжлийн, гаднаас, асуудлыг шийдэж чаддаг Засгийн газар болох ёстой. Засгийн газрын гишүүдийг намууд ярьдаггүй юм. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ руу оруулна гэж байгаа. Одоо энэ намын товчоогоор оруулдгаа болих хэрэгтэй. Намын бүлгээр ЗГ-ын гишүүнийг ярих шаардлага байхгүй. Тэнд очиж фракцад хуваарилах хэрэггүй. Тэр Үндэсний зөвлөлдөх хороо, намын бага хурал, удирдах зөвлөл, намын бүлгүүдээр ЗГ-ын гишүүнийг хэлэлцэх шаардлага байхгүй гэж мэдэгджээ.

2015-01-08. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээр үг хэлэхдээ,”-Цементийн үйлдвэр байж байна. Энэ цагаас хойш цементийн биш, “гахиурын” үйлдвэр” гэж ярих ёстой. Алийн болгон гадаад үгээр ярих вэ? Зарим нь гайхаж байх шиг байна.

Тэнд хүн алга ташиж байна. Бид чинь өөрийн хэл, соёлтой ард түмэн шүү дээ” гэж хэлэв. Түүний уриалгыг газар дээр нь хэрэгжүүлж Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирал танилцуулгаа “Хөтөлийн гахиур, шохойн үйлдвэр” хэмээн эхэлсэн байна.

2015-01-09. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Надаас эхлээд төсвөө таная. Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсвөө яаж хассан, тэр хэмжээгээр бусдаасаа шаардая гэж уриалав.

2015-01-28. Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлсэн тухай энэ өдрийн морин цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгав. Ерөнхийлөгч 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудад хандан видео мэндчилгээ дэвшүүлээд, “Эрдэм гоёл” компаниар хүүхдийн бойтогны хонх хийлгэснээ дуулгалаа.

2015-03-10. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ноён уулын төлөө тэмцэж байгаа хүмүүсийн зөв гэж үзэж байгаа учир дэмжиж байгаагаа хэлэв. Тэрээр, энэ асуудлыг шийдэхдээ орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсох,тэр ч байтугай УИХ-ын Байнгын хороо тэнд нь очоод нээлттэй сонсгол явуулж болох тухай санал дэвшүүлэв. Мөн Ноён уулын асуудал дээр орон нутгийн ард иргэдээс зөвшөөрөл авах, хоёрдугаарт энэ ууланд түүхийн дурсгал, өв соёл маань байгаа бол ухаж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

2015-03-10. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. УИХ буруу шийдвэл яах вэ гээд Засгийн газраар өөрөөр нь шийдүүлэх саналтай байгаагаа ил тод мэдэгдэв.

2015-04-10. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ –д тайлангаа тавихдаа өөрийн гаргасан санал санаачлагаасаа дурдав. Үүнд:

            -Шууд ардчилал, төлөөллийн оролцоог бий болгох суурийг тавьж иргэдийн оролцоог баяжууллаа.

             -Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, гамшгийн үед хэрхэн ажиллах асуудалд олон нийтийн анхаарлыг хандууллаа.

             -Цэргийн их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” сургууль нээснээс гадна “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа,

             -Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсрууллаа.

             -Төрийн тэргүүний албан өрөөг Иргэний танхим болгох санаачлага гаргаж энэ танхимд 453 арга хэмжээ зохион байгуулагдсаны 17-д нь өөрийн биеэр оролцоод байгаа зэрэг олон санаачлагуудаа нэрлэжээ.

Мөн тайландаа төрийн албан бичгийг Монгол бичгээр бичих, Монгол хэлний цахим тайлбар толь гаргах санаачлага гаргаснаа дурдсан байна. Ерөнхийлөгч “Монголоор хэлж болох үгүүдийг Монголчлон хэлж болно” хэмээгээд 10 үгийг жишээ болгожээ. Үүндээ компьютер гэдгийг “цахимбар”, ай пад гэхийг “хавтага”, лого гэдэг үгийг “хондог”, визийг “нэвтрэг”, рестораныг “зоогоо”, бензинийг “гүүгэн”, кофе гэдгийг “борхош”, шокаладыг “боргол” гэж нэрлэж байхыг санал болгосон байна.

2015-08-15. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хурал дээр үг хэлэв. Тэрээр, “Энэ авлигатай тэмцэх гэдэг хэцүү. Мөнгөгүй байгаагаар чинь, цалин чинь хүрэхгүй байгаагаар чинь, чамайг зээлтэй байгаагаар чинь далимдуулдаг. Тийм учраас Монголын хэдэн шүүгчдийн цалинг 2 дахин нэмье гэж би хэлээд байсан. Тийм учраас араас нь дагуулаад энэ прокуроруудын асуудлыг энэ жилийн, ирэх жилийн төсөвт тусгая гэж хэлээд байгаа. Цалинг чинь 2-3 дахин нэмж, үнэхээр Монголд мөнгө байдаг бол шүүгч нартаа, энэ прокурорууддаа хүний гар харахгүй амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөөд шударга ёсыг шаардаж байх ёстой” гэж хэлэв.

2015-10-21. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг түүний хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Ерөнхийлөгчийн хамгийн сүүлчийн супер санаачлага хэмээн хэвлэлийнхний хошигнон нэрлэж байгаа Монгол Улс байнга төвийг сахих санаачлагаа төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс аль хэдийн дэлхий дахинд зарлаж, В.Путин, Си Зиньпин нарын сонорт тусгайлан хүргэж амжаад одоо хуульчлуулахаар парламентад ийнхүү хандаад байна.

2015-12-16. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзахдаа, өөрийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд намын бүтцийг уян хатан болгохын тулд 801 хүн нийлж нам байгуулж болдог байсныг багасгаж, хамгийн багадаа 31-үүлээ нийлж нам байгуулж болно гэсэн заалт оруулснаа намуудын шүүмжлэлийн дагуу татаж 801-ийг хуучнаар нь үлдээж байгаагаа мэдээллээ. Хэрэв түүний санаачилсан “Улс төрийн намуудын тухай” хуулийн төслийг УИХ буцаавал маргааш нь дахиад л өргөн мэдүүлнэ гэж төрийн тэргүүн хатуу мэдэгдээд байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд