АН-ын бүлэг: Оффшороос ямар хэмжээний мөнгө орж ирсэн тухай нууцын зэрэглэлтэй бичгийг үзүүлээч гэсэн шаардлагыг тавина

Уншсан тоо: 156   Огноо: 2021/01/25 16:21

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Сая Хуульзүйн байнгын хороо хуралдаж, АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Авлигын эсрэг хуулийг нэлээн нягталж үзэх ёстой. Ялангуяа одоо оффшорын мөнгө нэлээн орж ирсэн. Үүнийг яаралтайгаар хэлэлцэх шаардлага байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн ийм шийдвэр гаргасан.

УИХ-д Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тогтоол өргөн барьсан байгаа. Энэ тогтоол нь короновируст цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай. (Иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх тухай) Энэ тогтоолыг 1-р сарын 8-нд Их хурлын даргад өргөн барьсан байгаа. Өнөөдөр гэтэл хэдэн бэ?

УИХ удахгүй хаврын чуулганыг завсарлах гэж байна. Тиймээс энэ тогтоолыг нэн шаардлагатай хэлэлцэх ёстой гэж үзэж байна аа. Коронавирусийн хүнд хэцүү үед МАН Засгийн газраа огцруулчихаад сандал ширээний асуудал ярьж байна.

Одоо энэ тогтоолыг УИХ яаралтай горимоор хэлэлцэж шийдэх ёстой гэж үзэж байна. МАН-ын зүгээс юу ярьдаг вэ гэхээр эх үүсвэр алга гэдэг. Эх үүсвэр бол байна аа. АН удаа дараа шаардлага тавьж байгааг та бүхэн санаж байгаа байх. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум төгрөг гаргаад өвлийн хүнд хэцүү үеийг туулах боломжийг Засгийн газар гаргаад батлаад явсан, үүнийг бол сайшааж байна. Одоо 900-гаад тэрбум төгрөг хэрэгтэй гэж байна. Энэ мөнгөний эх үүсвэрийг оффшороос гаргаж болох юм. Оффшороор нэлээн их мөнгө орж ирж байгаа. АТГ-ын дарга, хууль хүчний байгууллагууд мэдэгдээд эхэлчихсэн шүү дээ. 100, 200-гаад сая доллар орж ирж байна гээд.

Мөн вакцины сураг бол гарч байгаа боловч тодорхойгүй байна. Хандиваар авна, COVAX гэдэг газраас авна гээд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулчихлаа гээд ярьдаг байсан. Өнөөдөр үр дүнгээ өгсөн юм алга. Энд тэндээс бараг бадар гуйгаад үнэгүй вакцин авна гэсэн тийм юм ярьж байна. Тухайлбал Астра зенека гэж байгаа, тэр бол 70 хувийн үр дүнтэй вакцин. ДЭМБ-аар ч батлагдсан юм байхгүй. Одоо яг баталгаажсан хоёр вакцин байгаа шүү дээ. Ерөөсөө Израйль улс яаж ажиллаж байна, еврей хүнд ямар вакцин хийлгэж байна, тэрийг нь хийгээд хөөцөлдвөл яасан юм бэ.

Монгол Улсын Засгийн газар огцорлоо. АН-ын бүлгийн хувьд ард түмэнтэйгээ байнга хамт байдгийн хувьд очиж, жагсаал дээр Засгийн газарт шаардлагаа хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газар коронавируст ялагдчихлаа. Ялагдах ажлыг бүтэн жил магнайлан ажилласан Монгол Улсын Онцгой комисс, үүнийг тэргүүлж байгаа Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга гуравт хариуцлага тооцох ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Хэрвээ хариуцлагаа тооцож чадахгүй юм бол Засгийн газар огцор гэсэн. Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй юм бол УИХ тар гэсэн. Гэтэл та бүхэн мэдэж байгаа, Засгийн газар нь шууд огцорчихлоо. Уг энэ гурван хүндээ хариуцлага тооцоод ажиллаад явах ёстой байсан гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр засаглалын хомсдолд орж байна.

Дараагийн нэг асуудал бол Монгол Улсын шинэ Ерөнхий сайд, 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн томилогдох нь ээ. АН-ын бүлэг дэмжих боломжгүй. Яагаад вэ гэхээр түрүүний Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ танхимаараа огцорсон Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга хийж байсан хүн ямар ялгаа байна аа. Үнэхээр хариуцлага тооцоод бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрсдөө алдаагаа ойлгоод огцорсон юм бол яагаад ахиад дотроосоо нэг хүнээ сайд болгоод, ингээд явах нь ямар ач холбогдолтой юм бэ?

Нөгөө 100 жил болчихсон боловсон хүчний их нөөцтэй гээд байдаг энэ нам хаана байна аа. Хариуцлага тооцсон нэртэй биш зүгээр л Монголын ард түмнээр тоглож байна. Цаг хугацаа үрж байна, хуурч байна, зугтаж байна. Алдаа гаргасан юм гэж Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Алдаа гаргасан бол танхимаараа алдаа гаргасан. Алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа юм бол танхимаараа хариуцлага хүлээх ёстой" хэмээлээ.

Мөн тэрбээр оффшорын мөнгөтэй холбоотой асуудлаар тавьсан сэтгүүлчдийн асуултад "Өнөөдөр бид танилцах гэж байна. Энэ тогтоолыг өргөн барихдаа оффшороос ямар хэмжээний мөнгө орж байгаа талаар дагалдах бичиг баримтыг УИХ-д өргөн барьсан гэсэн. Нууцын зэрэглэлтэй. Үүнийг бид нарт үзүүлээч гэдэг шаардлагыг одоо УИХ-ын даргад С.Одонтуяа гишүүн бид хоёр тавина. Тэгэхээр тэр дагалдах бичиг баримтыг үзэж байгаад ярина" хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд