Д.Цолмон: Гоё ном унших хэдэн өдрийн, бүр сар, жилийн баяр баясгаланг өгдөг

Уншсан тоо: 763   Огноо: 2019/12/12 15:08

“Ном ярья” булангийн ээлжит зочноороо ном унших, ууланд аялах, дугуй унах хоббитой нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэрээр МУБИС-ийн төв номын сангийн мэргэжилтэн Д.Цолмон бүсгүй юм. Ингээд номын талаарх түүний сонирхолтой яриаг хүргэе.

-Танд ширээний ном байдаг уу?

-Миний байнга уншдаг ном бол “Монголын уран зохиолын 108 боть”. Түүнээс, дээр үеийн сэтгэлд хоногшсон зохиолуудаа дахин дахин уншдаг. Ерөөсөө уйддаггүй.

- Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Д.Оюунчимэг зохиолчийн бичсэн “Оройн ганц мод” номыг уншсан. Энэ ном их гүн утгатай. Би номыг нэг уншаад ханадаггүй. Юу хайгаад байгаагаа мэдэхгүй ч гэсэн ямар нэгэн зүйлийг ойлгох ёстойгоо л мэддэг. Тухайн номыг уншаад нэг цэгт хүрээд сэтгэл ханахаараа түр завсарладаг. 

-Яагаад тухайн номыг сонгох болсон бэ?

-Энэ ном бол хүний амьдралын олон талт харилцааг өгүүлдэг. Дээрх номоос хүн чанар, байгальтай ойрхон байхыг мэдэрнэ. Мөн бүх зүйл энгийн байхдаа амар амгалан байхыг ойлгосон. Номонд   “Чиний асуух гэж байгаагаас эхлээд чиний асууж мэдэхгүй тэр бүх зүйл бичээстэй байдаг юм” гэсэн байдаг. Энэ бол нэг илэрхийлэл болов уу.

-Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Маш их нөлөөлдөг. Би залуухан байхдаа ном их уншдаг байсан. Ном унших нь амттай хоол идсэн мэт байдаг. Хэдэн өдөр сэтгэл дүүрэн. Автобус, машин дотор үйл явдлыг нь байнга бодоостой. Мөн ном бичсэн, орчуулсан хүмүүсийн чадварыг гайхаж, бахархдаг. Ер нь номоор тэжээгдэж, эрч хүч, ухаарал зэрэг зүйлсийг олж авдаг. Гоё ном бол хэдэн өдрийн, бүр сар, жилийн баяр баясгаланг өгдөг. В.Обручевын "Саниковын газар" гээд зохиолыг арван жилд байхдаа уншиж байлаа. Би одоо болтол мартдаггүй. Зохиол дээр гардаг хоёр эхнэрийнх нь зан чанар, амьдралыг даван туулах байгалийн хүчин зүйл зэргийг одоо  хүртэл бодож төсөөлдөг.

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?                                         

-Хүүхэд байхдаа Монголын шилдэг өгүүллэгүүд, шилдэг яруу найраг гэсэн номуудыг уншиж байсан. Нэлээн зузаан ном байсан санагдаж байна. Одоо ч гэсэн янз бүрээр хэвлэгдсэн байгаа байх. Тэр номыг анх манай эгч надад уншиж өгч байлаа. Би 7 настай байхдаа уншиж сурсан. Тэгээд анх тэр номыг барьж авч өөрөө бие дааж уншсан. Хамгийн их уйлж уншсан ном маань тэр үеийн гуравдугаар ангийн сурах бичиг дээр байсан “Хос тогоруу” зохиол. Тэрэнд л маш их дуртай байлаа.

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Би эхнээс  нь дуустал нэг бүрчлэн уншдаггүй. Ном бүхэн бүлэгтэй байдаг. Бүлэг болгоноос нь түүвэрлэж уншдаг. Ер нь номыг маш их эргүүлж, тойруулж уншдаг. Мөн багцалж унших дуртай. Ерөнхий утга санааг нь хараад түүж уншдаг.

-Та өөрийгөө номоор төсөөвөл?               

-Энэ талаар ер бодож байгаагүй юм байна. Гол дүрийн баатраар төсөөлж бол чадахгүй байна. Миний бодлоор олон хүмүүс дунд байдаг орчин л төсөөлөгдөж байна.

-Танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг ном байна уу?                 

-Монголын шилдэг зохиолчдын шилмэл өгүүллэгүүд бол бүгд үнэ цэнэтэй. Би завтай үедээ уншихийг хичээдэг. Мөн П.Бадарч, Б.Лхагвасүрэн зэрэг дурдвал олон Монголын шилдэг зохиолчдийн шүлгүүд бүгд л үнэ цэнэтэй.Тэдгээр зохиолууд бол бичлэгийн чадвар нь хаа ч гологдохгүй, өгүүлэмжгүй, юм хэлэхгүй зохиол гэж байхгүй. Сүүлийн үеийн зохиолчдоос Л.Өлзийтөгс гэх мэтчилэн зохиолоо гоё бичдэг хүмүүс байна. Ер зохиолуудыг шүүж, голж уншихаас илүү өөрийн хэрэгтэй зүйлээ олж унших нь чухал гэж боддог.

-Танд бусдад уншихийг санал болгох ном байна уу?

-Цаг үе их өөр болжээ. Бидний үеийн хүүхдүүд ном их уншдаг байсан. Айл болгон номтой, номын сантай байлаа. Зарим талаараа залуучуудыг ном уншихгүй байна гэдэг боловч  мэдээлэл авах суваг нь маш их болсон. Ийм учраас зөвхөн  номоос ямар нэг мэдлэг, мэдээлэл авах өрөөсгөл ойлголт байж магадгүй. Манай багш нарын хэлдэг мундаг үг бий. “Бага уншсан ч ихийг ойлго, Архийг их уусан ч бага согт” гэдэг. Үүнийг л хэлмээр байна. Заавал их уншсандаа гол биш хэрэгтэй зүйлээ олж уншаад, өөртөө үлдээх нь чухал.

                                                                                                                                                                           Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд