Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг баталлаа

Уншсан тоо: 52   Огноо: 2020/04/29 16:26

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэмж оруулсан байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллоор санал хураалт явуулна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргав. Тэрбээр “Гишүүдийн саналыг цахимаар авах горимын санал гаргаж байна. Таван танхимаас гар өргөн санал хураалтад оролцохоор саналын зөрүү маш их гарч байна.  Үдээс өмнөх хуралдааны үеэр нөгөө дөрвөн танхимд явагдаж байгаа санал хураалтыг ажиглахад 2-3 хүний зөрүүтэй саналын тоо хэлж байна. Үүнийг баримтжуулсан. Одоо л гэхэд нөгөө дөрвөн танхим хоосон байна.  Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж гарч байгаа чухал хуулиудыг хэлэлцэнэ. Ийм байдлаар хууль баталж болохгүй. Тиймээс бусад танхимуудын ирцийг авч байгаад 39 хүрвэл санал хураалтад орох нь зүйтэй гэдэг санал гаргаж байна" гэв.

Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнарыг танхимуудад шалгалт хийж, ирц бүртгүүлэхээр явууллаа. Мөн маргаашийн хуралдаанаас эхлэн санал хураалтыг цахимаар явуулах тул гишүүдийг хангамжаар авсан iPad-аа авчрахыг даалгалаа.

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураалт явуулахад 45 гишүүний 44 нь дэмжиж 97.8 хувийн саналаар баталлаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд