Ж.Батзандан: Албан тушаалтнуудын цонхоор амьдрал гайгүй харагдаж байж магадгүй

Уншсан тоо: 79   Огноо: 2020/04/29 12:00

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан зорилтот бүлгүүдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайд нарыг УИХ-д асуулга тавьж ярилцах саналыг ШИНЭ намаас хүргүүлж байгаагаа уламжиллаа.

Чоно борооноор гэдэг шиг бүлэглэл, бүлэглэлийн үйл ажиллагаа сүүлийн саруудад идэвхижэж Монголын ард түмнийг хөл хорионд орсныг далимдуулан шүүх засаглал, Үндсэн хуулийн цэцийг ашиглаж ард түмний баялаг ордуудыг хулгай хийх, томоохон гэмт хэргүүдээ нуун далдлах, түдгэлзүүлэх, зогсоох ажиллагаа хэрээс хэтэрч байгаа мэдээлэл ирж байна УИХ-ын дарга аа.

ҮХЦ дээр гарч буй шийдвэрүүдийг өнгөрсөн долоо хоногт бид ярьсан. МАНАН-ийн хулгай хийсэн, дээрэмдэж авсан орд газруудыг эргүүлж авч ирэхээр гишүүд санаачилж УИХ-ын тогтоол, шийдвэр гаргасан. Түүний хэрэгжилтийн дагуу, 1991 оны хуулийн дагуу Эрдэнэт үйлдвэр дээр онц дэглэм тогтоогоод ажиллаж байгаа. Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн ашиг өмнөх он жилүүдийнхээс гурав дахин их буюу 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт бүрдүүлсэн байна. Гэтэл ҮХЦ-ийн шийдвэрээр МАНАН бүлэглэл, МАНАН мафи Эрдэнэт үйлдвэрийг , Багануурыг, Асгатын мөнгөний ордыг, Бор Өндөрийг дагалдаж буй 30 гаруй томоохон мөнгөний ордыг буцааж авахаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг гурван гишүүнийг нь лоббидож байгаад гаргуулсан байна. Тогтохсүрэн дарга аа, Занданшатар дарга аа, улс орны чинь өмч хөрөнгө хулгайд алдагдчихаад байна. Эрх баригч нам бодитой алхмуудыг хийх ёстой. Хөл хорио тогтооно гэдэг чинь хулгайч нарыг өөгшүүлнэ гэсэн үг юм уу? Хөл хорио тогтооно гэдэг чинь томоохон гэмт хэргүүдийг, гэмт хэрэгтнүүдийг хаацайлна гэсэн үг юм уу? Дээд шүүх чинь ажлаа хийхгүй байна. Үндсэн хуулийн цэц Монголын ард түмний эсрэг ажиллаж байна. Эрх баригч нам онцгой анхаарал хандуулж өгөөчээ.

Хоёр дахь асуудал нь, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, хотын захын хороололд ард түмэн өлсөж байгаа тухай мэдээлэл өдрөөс өдөрт ирж байна. Хүүхэд амь насаа алдсан тухай мэдээлэл УИХ-д хүртэл ирчихээд байна. Зарим нь өлсөж, зарим нь өвчнөөр үхсэн тухай мэдээлэл ирж байна. Энэ мэдээллийг тодорхой болгож өгөөч ээ. УИХ-ын дарга аа! Эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгааллын сайдаа авч ирж асууя. Covid-19-өөс болж олон мянган иргэд ажилгүй хүнд хэцүү байна. Албан тушаалтнуудын цонхоор амьдрал гайгүй харагдаж байж магадгүй. Ардын хүүхдүүдийн амьдрал хүнд байна. Тийм учраас холбогдох сайд нарыг дуудаж УИХ-д асуулгаа тавьж илэн далангүй ярилцах шаардлага, саналыг ШИНЭ намаас хүргүүлж байгаагаа уламжилж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд