Г.Аръяанинж: Ном бол гоёл биш хэрэглээ

Уншсан тоо: 1,786   Огноо: 2019/10/30 16:00

Энэ удаагийнхаа зочноор залуучуудын сайн мэдэх ‘’Book café Mongolia’’-гийн гишүүн Г.Аръяанинжтай ярилцлаа.

-Та ширээний номтой юу, ямар ном байдаг вэ?

-Оффист ажилдаг хүмүүсийн хувьд ширээний ном байдаг гэсэн. Жишээлбэл Стив Жобс “Бүрэн цадиг”-ийг ширээний ном болгосон гэх хүмүүс байдаг. Миний хувьд тухайн номыг уншаад сургамж авна уу гэхээс тэр хүний замналаар амьдарч чадахгүй гэж боддог. Би сая хавар дипломоо хамгаалсан, сэтгэлгээний хувьд дотор байгаа зүйлс маань эмх замбараагүй, ном уншиж чадалгүй 5,6 сар явсан. Тэр үед надад ширээний ном болж чадсан "Bright Mongolia"-аас эрхлэн гаргасан “Лааны үйлдвэр” хэмээх ном байгаа. Түүнээс надад тогтмол ширээний ном байдаггүй.

-“Лааны үйлдвэр” номын юу нь таалагдсан бэ?

-Яагаад тэр номыг сонгосон бэ гэхээр тухайн ном богино бодрол ихтэй. Бид жижиг зүйлсээс аз жаргалыг мэдрэх боломжтой гэдгийг илэрхийлсэн. Гол зорилго нь харанхуй газрыг лаа мэт гэрэлтүүлье гэсэн утгатай. Тэр үүднээсээ би төгсөх үеэрээ хэт их стресстсэн байсан болохоор тэр номын аль нэг хуудасны бичвэрийг уншихад маш тааламжтай байдлыг бий болгож байсан.

-Та яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Би хоёр хоногийн өмнө нэгэн эвэнтэд оролцсон. Тэр эвэнтэд Фүмио Сасаки гэдэг японы алдартай илтгэгч хүн ирсэн. Минималист сэтгэлгээтэй хүн. Би уран зохиолын ном голчлон уншдаг хэдий ч миний ахуйн  нөхцөл минималист байж чаддаггүй. Үүнээс болж маш их асуудлууд урган гарч ирдэг. Тэр үеэр би өөрөөс нь гарын үсэгтэй “Goodbye things” номыг нь худалдаж авсан. Би тэр номыг өмнө нь уншиж байсан. Гэхдээ 100 хувь уншиж чадаагүй. Тэгэхээр минимал амьдралын хэв маягийг тусгахын тулд  тэр номоо дахиж уншина. Зөвхөн минималист гэлтгүй байгалд ээлтэй талруугаа чиглэж байгаа. Гол ухагдахуун нь хүн чемодан дүүрэн хувцсаа хаяж магадгүй, эсрэгээрээ хаях уу үгүй юу гэдэгтээ эхэлж эргэлзээсэй. Шууд шийдвэрт хүрдэггүйгээрээ минималын үнэ цэнэ  оршиж байгаа болов уу.

-Ном унших нь таны ажил, амьдрал, хувь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Надад маш их ийм асуултууд ирдэг. Би хүмүүсийн амыг таглахын тулд аар саархан хариулт өгчихөж болно. Жишээлбэл би Монгол зохиолоо уншаад үгийн баялаг сайтай, ярих чадвар өөрчлөгдөж байна гэж болно. Гэхдээ  би ном, утга зохиол гэдэг зүйлийн нөлөөллийг илүү өргөн хүрээнд хараасай гэж хүсдэг. Утга зохиол бол нийгэм даяар нөлөөлдөг зүйл.  Маш олон жишээ байдаг. Америкийн боолын нийгмийн тухай бичиж түүнийгээ ном болгож гаргаж байсан эмэгтэйг сүүлд цагаан ордонд урин "Иргэний дайн эхлүүлсэн танд баярлалаа" гэж хэлж байсан удаа байдаг. Ном зохиол бол хувь хүн төдийгүй нийгэм даяар нөлөөлж болох тийм хүчтэй зүйл юм.

-Та ямар арга барилаар ном уншдаг вэ?

-Билл Гейтсийн алдартай үг байдаг “Ном унших дадал нь Харвардын сургуулийн диплом хамгаалахаас илүү үнэтэй” гэж. Энэ ойлголт бол дадал байж магадгүй гэхдээ тэр тал дээр би чадахгүй юм билээ. Хүн бүр бие организмын хувьд өөр өөр, магадгүй эртэч хүмүүс өглөө эрт босоод ажлын бүтээмж өндөр байдаг бол би эсрэгээрээ үдээс хойш илүү бүтээмжтэй байж чаддаг. Үүнтэй адилхан би номыг одоохондоо дадал зуршил болтлоо уншиж чадахгүй байгаа. Би нэг номыг бариад суувал өдөрт эсвэл хоёр гурав хоногийн дотор ч дуусгах үе бий. Одоогийн байдлаар энэ нь миний дадал, арга барил байх.  Би тодруулагч бариж байгаад номоо заваан болгож, тэмдэглэл хийж уншдаг. Зарим хүмүүст энэ нь таалагддаггүй. Миний бодлоор ном бол гоёл биш хэрэглээ.

-Таны бусдад  санал болгох ном?

-Би одоо хэлэх гэж байгаа зүйлээсээ болоод хүмүүст их ад үзэгддэг. Ногоон нүдэн лам сүүлийн 10 гаруй жил бестсэллэр болж байгааг би их гайхдаг. 

Нэгдүгээрт би Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” номыг санал болгомоор байна. Энэ үнэхээр шилдэг, үнэ цэнэтэй зохиол. Нэг бүлгийг нэг хэсгийг ярихад л маш их цаг шаардана. Жишээлбэл шашин үнэхээр чухал байсан уу эсвэл Санж гэцэлийг өлсөж үхэх гэж байхад элсэн дээр хатсан ингэний сүүг идэж амь зогоож байгаа амьдралын туулсан мөр нь үнэ цэнэтэй байсан уу гэх зэргээр яривал үнэхээр үнэ цэнэтэй зохиол юм. Тэгэхээр би хамгийн түрүүнд энэ номыг зөвлөнө. Үүнээс гадна маш олон санал болгох ном байна.

Хоёрдугаарт нь  Монголын нууц товчоо. Яагаад гэвэл хүмүүс Б.Сарантуяагийн Сорхогтан хатан унштал Зүчи хаан амиа  егүтгэдэг гэтэл өөр зохиолчийн номонд өвчний улмаас талаал төгсчээ гэдэг. Хүмүүс эргэлзээд байна, аль нь үнэн бол гэдэг. Зүгээр л Нууц товчоогоо яагаад уншиж болохгүй гэж. Бид 3 жилийн өмнө хийсэн “Номын жор” уулзалтын үеэр Т.Галсан гуай би нууц товчоог 3000 гаруйхан удаа уншиж байсан гэж хэлсэн. Унших болгонд минь нэг нууцаа хэлж өгдөг гэсэн. Тэгэхээр нууц товчоог санал болгож байна. Гэхдээ битгий ганц удаа уншаарай.  Би уран зохиол бол нууцыг бүтээдэг, Шинжлэх ухаан бол нууц тайлдаг гэж боддог.

-Таны хамгийн анх уншиж байсан ном юу вэ?

-Би номын ертөнцөд хөл тавиад дөрвөн жил л болж байна. Би тэрнээс өмнө ном уншиж байгаагүй. Би 5-р ангидаа зохиолч Ц.Ууганбаярын  “Шулмын инээд” зохиолыг сонирхож уншиж байсан. Би “Book café Mongolia” гэх энэ өрх гэрт орохоос өмнө өөрийгөө хэзээ ч номыг бүтэн уншина гэж бодож байгаагүй.  Би анх Book café Mongolia-ийн  номтой аялалд  анх явахдаа удирдамжийг нь уншилгүй бүртгүүлсэн. Үүний дараа явах өдрөө харсан чинь өөрийн хамгийн дуртай номоо авч ирээрэй гэж байсан. Тэгээд би ямар ном авч явах вэ гээд их гайхсан, уншсан ганц номоо авч явсан.

-Хэдэн номын сангийн үнэмлэхтэй вэ?

-Одоогийн байдлаар хоёр байна. Нэг нь би өөрөө зориж авсан, нөгөөх нь номтой аяллын монитагийн бэлэг. Мөн “Book café Mongolia” маань бүх номоо кодолж олон улсын стандартын дагуу өрдөг. Үгүй бол энэ зохиолчдийн  ёжилж хэлдгээр номон овоолго болчихно шүү дээ. Түүнийхээ уншигчийн картыг оруулбал гурав байна.

-Та өөрийгөө номоор төсөөвөл, ямар төрлийн ном бол?

-Яруу найргийн ном юм болов уу. Ойлгомжтой юм шиг хирнээ далд утгатай.

 Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд