С.Зориг... хэн, юу хэлэв?

Уншсан тоо: 61   Огноо: 2020/04/21 17:45

С.Зориг агсны 58 насны ойд улс төрийн зүтгэлтэн, нам эвслээс түүний дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөсөн. Тодруулж хэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд тэргүүтэй хүмүүс байв. Тэд юу хэлэв?

АН-ын дарга С.Эрдэнэ:  С.Зориг өнөөдөр амьд байсан бол 58 нас хүрэх байлаа. Ид хийж бүтээх нас нь байв. Энэ хүний үйл хэрэг өдгөө 30 жилийн ойтойгоо золгож байна. Ардчилсан хувьсгал, Ардчилсан нам байгуулагдсан 30 жилийн ойтой энэ хүний 58 насны өдөр давхцаж байгаа юм. 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг манлайлж, эмх цэгцтэй, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж, Монголын түүхэнд хувьсгал хийсэн. Хамгийн гол зүйл нь сүүлийн 300 жил олж авч чадаагүй эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирснаар энэ хүний гавьяа оршино. С.Зоригийн улс төрийн зорилготой аллагатай холбоотой асуудлыг илрүүлэх цаг болсон. Өнөөгийн эрх баригчид энэ хүнийг нас барснаас хойш бүх жилүүдэд улс төр хийж ирлээ. Захиалагчдыг нь зарлах, хэн энэ хэргийг үйлдсэн бэ гэдгийг өнөөгийн Хуульзүйн сайд замхруулж байсан. С.Зоригийн хэргийн комиссыг 5 удаа тарааж, улс төр хийж байсан хүн өнөөгийн Хуульзүйн сайд. Зарим увайгүй улс төрчид энэ хүний ардчиллын үйл хэргийг гутаах, нэр хүндийг ашиглах зорилготой байсанд би харамсдаг. Аливаа зүйлд хэмжээ бий. Ардчилсан нам энэ хүний хэргийн эцсийн хариуг гаргахын төлөө тууштай тэмцэж ажиллаж байгаа. Цаашдаа ч ажиллах болно. Энэ сонгуулийн дараа хэргийг эцэслэн шийдэх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Ахиц гарах торгон мөчид хэргийг будлиулдаг, самруулдаг, ажлын хэсгийг тараадаг үйл явц болдог.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 1990 онд С.Зориг агсны зорилт юу байсан бэ гэдгийг бид үргэлж бодож байх ёстой. Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, жинхэнэ бодит ардчиллыг Монголд цогцлоох зорилготойгоор манай Л.Болд гишүүн, С.Зориг агсан, Монголын ард түмэн төв талбайдаа жагсаж байсныг бид мэднэ. Авлигажсан, оффшоржсон, 30 гэр бүлийг баян болгодог ардчилал Монголд хэрэггүй. Жинхэнэ, шударга ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө ШИНЭ нам зүтгэх болно.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд: С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчин, захиалагч, түүний ар талд байгаа гадна, дотны хүчнүүд бүгд сул чөлөөтэй явж байна. Энэ бол МАНАН-гийн хамгийн эхний том аллага байсан. С.Зориг өөрийнхөө амиар маш олон хүний амь насыг хамгаалсан шүү. Хэрэв тухайн үед Монголын ард түмэн энэ талбайг дүүртэл цуглаагүй бол дараагийн олон олон Зоригийг устгах байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө, эрх чөлөөний төлөө гэсэн хүн бүрийг устгаж, Монголыг эрхшээлдээ оруулах хуйвалдааныг С.Зориг өөрийнхөө амиар хаасан. С.Зоригийн төрсөн өдрийг тэмдэглэж бид жил болгон аймшиг ярьж байна. Бид сайхан сайхныг ярьж, энэ хүний гавьяаг мөнхжүүлэх ёстой. Бид ирээдүй хойч, залуучуудынхаа төлөө гэгээлэг өдөр болгох ёстой. Гэтэл бид аллага, эрх чөлөөгөө алдсан, хохирч байгаа Монголын ард түмнийг ярьж байна. Үүнийг зогсооё. Энэ жил үүнийг зогсоох жил хэмээн мэдэгдэв.

Мөн өнгөрсөн хугацаанд Их хурал дээр Түр хороо байгуулсан. Түр хороо ажлаа хийсээр байгаа. Шүүх хурлыг гацааж, Монголын ард түмнийг доромжилж байгаа нөхцөл байдлыг зогсоохын төлөө дараагийн хурц, ширүүн арга хэмжээг авна гэдгийг хэлсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд