Б.Пүрэвдорж: Засгийн газар манай намын тогтоолын төслөөс санаа аваад оруулж ирж байна

Уншсан тоо: 163   Огноо: 2020/04/13 13:31

УИХ дахь АН-ын зөвлөл /2020.04.13/ хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ.Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

2020 оны оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа экспорттой холбоотой асуудлыг Засгийн газар болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулахаар болжээ.

Түүнчлэн, АН-ын зөвлөлөөс коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн яаралтай арга хэмжээг авах тогтоолын төслийг санаачилж, Засгийн газраас саналыг нь авахаар хүргүүлсэн. Төсөлд таван бүлэг, 38 арга хэмжээ тусгасан. Уг төсөлд Засгийн газар яаралтай саналаа өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлэх аж.

Гуравдугаарт, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах уу зэргийг санхүүгийн тооцоо судалгаатайгаар АН хийж байгаа гэв.

Дөрөвдүгээрт, Энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох төслийн талаар хэлэлцжээ.

НӨАТ-ын 10 хувийг 5 болгох тухайгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого эрс багассан. Түүнчлэн жижиг, дунд ААН-үүд цалингаа тавьж чадахгүй ажилчдаа цомхотгох зэрэг нөхцөл байдал бий болсон энэ үед НӨАТ-ын татварыг таван хувь болгох нь иргэн бүрт очих чухал арга хэмжээ. НӨАТ-ын татварын эцсийн хэрэглэгч нь дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд.

МАН-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нар НӨАТ-ыг 10 хувь хэвээр нь хадгалах, НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь амьдралд хэрэгжихээргүй ялангуяа сумуудад огт хэрэгжихгүй. Жишээ нь Л.Оюун-Эрдэнийн тойрогт НӨАТ-ын татвар өгдөг ганцхан сум бий. Мөн С.Бямбацогт гишүүний сонгогдсон Ховд аймгийн Мөст суманд НӨАТ-ын татвар өгдөг хоёрхон дэлгүүр бий. Хөдөөгийн иргэд НӨАТ-ын падаан огт авдаггүй учраас НӨАТ-ын буцаан олголтын сугалаанд оролцдоггүй гэсэн үг. Тийм учраас миний санаачилсан НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага тулгарсан” гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрээр “МАН-ын Засгийн газар ипотекийн зээлийн хүүг гурван сараар царцаах шийдвэрийг манай намын тогтоолын төслөөс санаа аваад ороод ирж байх жишээтэй. Хэд хэдэн давхацсан асуудал бий. Гэхдээ Засгийн газрын авсан энэ 10 арга хэмжээ ихэнх нь үр дүнгээ өгөхгүй, бүх хүнд ижил тэгш өгөөжөө өгөхгүй арга хэмжээ болж хувирч байна. Манай намаас санал болгосон тогтоолын төсөлд татварыг тодорхой хэмжээгээр бууруулах, зээлийн эргэн төлөлтийг царцаах, мөн тэрчлэн ипотекийн зээлийг 12 сараар царцаах, эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүд рүүгээ тодорхой хэмжээний дэмжих, өдөөх санхүүжилтийг өгөх ийм арга хэмжээнүүдийг тусгасан байгаа.

Харин МАН-ын оруулж ирсэн 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ бол ихэнх нь хий бичилт байгаа юм.  Эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүй, тийм учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх нь маш их багасна. Ийм тохиолдолд тэртэй тэргүй орж ирэхгүй орлогоо хий бичилт болгож, бид нар эдийн засагт ийм ийм арга хэмжээ авч байгаа гэж зарлаж байгаа гэсэн эдийн засагчдын үнэлгээ байгаа. Эдийн засаг хүндэрч байгаа үед яг шууд иргэдийн амьдралд хүрэхүйц арга хэмжээг энэ 10 багц төслийн хүрээнд эрх баричгид хийж чадсангүй гэж бид үзэж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд