Ц. Даваасүрэн: Ерөнхий сайд бол зүтгэлтэй, зоримог алхам хийж чаддаг

Уншсан тоо: 223   Огноо: 2021/01/22 10:28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын өөрийнхөө итгэл үнэмшлээр гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна. Би нэг кабинетад байсан хүний хувьд ганц хоёр зүйлийг хэлье. Миний хувьд улс орныхоо төлөө зүтгэх, гүйцэтгэх, засах, ажиллах боломжийг олгосон. Бид хамтдаа үе үеийн засгийн газрын шийдэж чадаагүй байсан ажлуудыг хийсэн. Тухайлбал, утааны асуудал байна. Хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүй байсан ажлыг бид шийдсэн. Бизнесийн сонирхолгүй байвал ажил бүтдэг юм байна лээ. Тэрээр надад нэг ч хүн ажилд авах тухай, нэг ч бизнесийн тухай ярьж байгаагүй. Бас хүний сайн чанарыг бас хэлэх ёстой. Тийм учраас бидний ажил бүтсэн юм.

Эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох хөтөлбөрийг бид нар баталсан байгаа. Бидний төлөвлөсөн нефтийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, эрчим хүчний томоохон төслүүдийг явуулахад тодорхой саад тотгор гарах вий гэж би болгоомжилж байна. Яагаад гэвэл улс төрийн бяргүй эмзэгхэн засгийн газар бүрдчих магадлалтай.  

Эрчим хүчний салбар хараат бус байхад саад тотгор гарах вий. Та сая дараагийн Засгийн газрыг дэмжиж ажиллана гэж хэллээ. Өөрөө хийх, өөр хүнд туслах хоёр их ялгаатай. Ерөнхий сайд бол зүтгэлтэй, зоримог алхам хийж чаддаг, улс төрийн эр зоригтой хүн. Ийм байж л ажил явна. Засгийн газруудыг тогтвортой байлгахад анхаараасай гэж бодож байна” гэжээ.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд