Л.Болд: Таван гишүүний тэмцэл энэ сонгуулиар ялах эсэх нь шийдэгдэнэ

Уншсан тоо: 40   Огноо: 2020/05/14 10:14

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу ШИНЭ нам сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа. Ямар шалгуур үзүүлэлтээр нэр дэвшигчдээ сонгосон бэ? ШИНЭ намын мөрийн хөтөлбөрийн онцлогоос дурдвал?

- ШИНЭ эвслийн намуудаас ШИНЭ намд 34 мандат оногдсон. Үүний дагуу нэр дэвшигчдээ Төв Зөвлөлийн хурлаараа эцэслэн тодруулахдаа бид ердөө мэргэжил боловсрол, төр-түмэн олныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэх эх оронч сэтгэл, тухайн аймаг, орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хийсэн ажил, туршлагыг нь харгалзаж тодруулсан. Бусад намууд шиг мөнгөний шалгуур тавьсангүй, тухайн аймаг, орон нутгийн иргэдээс нам харгалзахгүй дэмжлэгийг нь авч чадсан шударга иргэдийг манай намаас сонгуульд нэр дэвшүүллээ гэж ойлгож болно. Манай нэр дэвшигчид бүгд нэр цэвэр, төр түших боловсрол, мэргэжлийн туршлагатай, түмэн олныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлтэй, бүх салбарыг төлөөлж чадах хүмүүс байгаа. Тэд маань мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх тангарагийн гэрээг сонгогчидтойгоо байгуулна. Хэрэв зорилгоосоо ухарч, ард түмний эрх ашгаас няцвал эгүүлэн татна. Бусад намууд шиг мөнгө цацах амлалт бидэнд байхгүй, төсөл хөтөлбөр, хөгжлийн төлөөх оновчтой бодлогыг манай намын дэргэдэх эрдэмтэн судлаачид, мэргэжлийн салбаруудын төлөөллөөс гаргасан. Та анзаарсан бол намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт шалгуулахад томоохон намуудын хөтөлбөр бүгд шаардлага хангахгүй буцаагдаж байсан бол манай намынх 100 хувь шаардлага хангасан.

-Энэ парламентын үед анх удаа УИХ-ын таван гишүүн МАНАН дэглэмийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан. Үүний үр дүн гарсан уу?

- Анх удаа парламентын танхим дотроос нам харгалзахгүй нэгдэж, хувьсгал, тэмцэл хийнэ гэдэг бол ойрын 30 жилд байгаагүй зүйл. Үүний үр дүнд баялгийг ард түмэнд хуваарилах шийдлийг ямартай ч Үндсэн хуулиндаа оруулж өгч чадлаа,  нам эвсэл харгалзахгүй нэгдэж, МАНАН дэглэмийг нураах, хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж эрүүдэн шүүлтийг хүртэл бий болгосон хууль бусын хонгилыг устгах, улс орныг хайр найргүй цөлмөсөн томоохон 23 гэмт хэргийг шийдэхийг хуулийн байгууллагуудад шаардах зэрэг тэмцлийг цуцалтгүй хийсний хүчинд ямар ч байсан салхи эргэсэн. Сая бидний таван гишүүн томоохон 23 хэргийг шийдвэрлэх явц ямар шатандаа явж байгаа талаар тодруулах, шаардлагынхаа хариуг авахаар Улсын Ерөнхий прокурортой биечлэн уулзалт хийлээ. Харамсалтай нь улс төр дамжсан бүлэглэлүүд Монголын төрөөр тоглож, уландаа гишгэсэн байдал хэвээрээ байна. Харин ч хууль, шүүхийн байгууллагад гацаанд орсон хэргүүдийн ард байгаа эзэд сонгуульд орох гэж, эсвэл өөрийнхөө өмнөөс нэр дэвшигч бэлтгэж оруулах гээд явж байна. МАНАН-гийн эздийн бохир мөнгөөр сонгуулийг луйвардаж, санал худалдан авч төрийн эрхэнд гарснаараа гол зорилго нь эргээд нөгөө шүүх дээр гацсан хэргүүдээ мулталж авах, төрийг, байгалийн баялгийг тонох ажлаа үргэлжлүүлэх. Таван гишүүний тэмцэл одоо энэ сонгуулиар ялах уу, ялагдах уу гэдгээ шийднэ гэсэн үг.

-Таны хувьд Хан-Уул дүүргээсээ дахин нэр дэвшихээр болсон байсан. Тойрогтоо ямар ажлууд өнгөрсөн дөрвөн жилийн дотор хийж гүйцэтгэсэн бэ?

-Ярилцлагын эхэнд дурдсан даа. Манай намаас нэр дэвшигчдээ тодруулах гол шалгууруудыг. Түүний дагуу Хан-Уул дүүргийн анхан шатны гишүүд, дэмжигчид яг тэр шалгуур, шүүлтээрээ оруулаад, санал хураагаад Яармаг бүсээс сонгогдсон миний биеийг Их хуралд дахин нэр дэвшүүлэхээр болсон. Шударга иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хамгийн гол нь МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлийнхээ эцсийг үзэхийн тулд, мөн хэд хэдэн парламентын үед батлуулах гээд, хэрэгжүүлэх гээд нөгөөх л байгалийн баялгийг халаасалсан бүлэглэлийн эсэргүүцлээр унагасаар ирсэн баялгийн хуваарилалтыг ард түмэндээ тэгш олгох санаачилгаа ажил хэрэг болгохын тулд нэр дэвшихээр шийдсэн. Асар баян орон хэрнээ иргэд нь ядуу байдаг энэ муухай тодорхойлолтоос Монгол Улс салж чадна, Азийн инновацлаг, хөгжлийн зөв замаар замнасан баян, хүчирхэг улс болох түүх, хувь заяа манай ард түмэнд байх л ёстой.

Мэдээж өмнөх дөрвөн жилд парламент, улс төрийн хүрээнд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, шударга ёсны төлөө тэмцэлд зогсолтгүй зүтгэхийн зэрэгцээ Яармаг бүсийнхээ бүтээн байгуулалтыг орхигдуулсангүй. Аль болох их хөрөнгө оруулалтыг тойрогтоо татахыг хичээж, зам, гүүр, цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, засвар, өргөтгөлийн ажлууд, гудамж талбай, автозам, камержуулалтын ажилд, түүнчлэн ахмадууд, залуус, хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарал тавьж ажилласан. Дөрвөн жилийн тайлангаа бэлтгээд тойргийнхоо иргэдэд тараасан, тэд маань гишүүнийхээ ажилд дүн тавина.

-Монгол Улс хар жагсаалтад орсон тухай бүгд л ярьж бичиж байна. Та Гадаад харилцааны сайд байсан, гадаад бодлогод анхааралтай ханддаг хүний хувиар үүнийг хэрхэн харж байна вэ?

 -Сүүлийн тав, зургаан жилд бүлэглэл Монголын бүх эрх мэдлийг авахдаа яг цэвэр бизнесийнхнийг хөөж явуулсан. Зөвхөн өөрсдийнхөө гар хөл болсон эргэлзээтэй нөхдүүдэд л боломж олгож ирсэн. Хамаг байдгаа барьцаанд тавиад мөнгийг нь аваад бонд, концесс гээд янз бүрийн хэлбэрээр тараачихсан. Дээр нь энэ нөхцөлд коронавирус Монголын ард түмэнд үхлийн цохилт болж орж ирж байна. Эдийн засаг хүнээр бол сонгуулийн дараах хэдэн сард хаашаа очиж амиа хорлох вэ гэдэг дээрээ л тулчихсан маш хүнд. Энэ үед өрийн тааз, тэр зээлийн хугацаа хөнгөлөх зэрэг аргаацаасан бодлого огт хэрэггүй. Одоо бизнес эрхэлэгчид, баялаг бүтээж байгаа иргэдээ, компаниудаа хайр найргүй дэмждэг цаг. Тэр баян чинээлэг ХБНГУ, АНУ яаж дэмжиж байна. АНУ л гэхэд 25 их наяд долларын өр тавиад хүртэл бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Европыг хар. Нийгэм сүйрэхэд хүрвэл юунд тулж очдогийг бүгд мэдэж байгаа.

Би хэлж байсан биз, эрх баригчдад. Та нар өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгт үгүй гэж болохгүй. Үүний чинь үр дүн юугаар орж ирэх вэ гэхээр саарал жагсаалтаар, Европын холбооны хар жагсаалтаар орж ирнэ. Яг тэгж байгаа байхгүй юу. Хүн хулгайлаад авчирч байна, арга хэмжээ байдаггүй, улаан цайм олон тонн, зуу зуун килограмаар нь хар тамхи наймаалах сүлжээнд хилийн чанадад холбогдоод байдаг, хар цагаан дуугүй. Монгол төрийг ийм аймшигтай, хар шалбаагт хутгаж хаяж байна. НҮБ-ын бүх конвенци, олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчөөд эрүүдэн шүүгээд, гадаадын хөрөнгө оруулагчдын тэр үнэ цэнэтэй, хөлсөө дуслуулж олж ирсэн хөрөнгө оруулалтыг МАНАН бүлэглэлийг тэтгэх системд цутгаад байвал хэн дуртай байх вэ. Тэр улс орнуудын татвар төлөгчид нь юу гэх вэ? Европын холбооны бүх тусламжийг Герман өөр дээрээ төвлөрүүлж ажиллаж байснаа одоо Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны түнш улс гэдэг статусыг үгүй хийчихэж байна. Өөрөөр хэлбэл энэ чинь ганц Герман биш. Европын холбоог төлөөлж байсан. Бид гурав дахь хөршөө алдаад байна. Одоо бид бодох хэрэгтэй, засч залруулах дараагийн шат руугаа ороход хугацаа алдаж болохгүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд