Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд банкны таргалсан, иргэдийн турсан хоёр яг л тэнцсэн

Уншсан тоо: 184   Огноо: 2020/04/29 15:54

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Банкны түргэн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах гэж байна. Таны яриад байгаа салбарын хувьд банкны салбарыг дэмжвэл дагаад дэмжигдэнэ. Бид тогтоолын төслийг боловсруулх явцад банк бус санхүүгийн салбарт дэмжлэг үзүүлэх хэлбэрийг авч судалсан. Тодорхой саналуудыг тань авч хэлэлцэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Маш том хүлээлт үүссэн байна. Тогтоолыг баталснаар ямар зээлүүдийн хүү буурах, хэн хамрагдах юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт банкууд үйлчилгээгээ зогсоочихоод байна. Зээл өгөхөө больсон. Монголбанк тав, арилжааны банк гурав гээд найман хувийн хөнгөлөлт олгох юм байна гэж ойлголоо. Тэгвэл 16 хувийн хүүтэй зээлийн 8 хувийг нь иргэд төлөх юм байна гэсэн үг. Тэгвэл үүнийг хэн яг хүртэх юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.  Өнгөрсөн хугацаанд банкны таргалсан, иргэдийн турсан хоёр яг л тэнцсэн. Тиймээс банкны салбарын шинэчлэлтийг цаг алдагүй хийх зайлшгүй шаардлага үүсээд байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Л.Энх-Амгалан гишүүн Монгол Улсын хөгжил, банкны шинэчлэлтэй холбоотой чухал асуудал хөндлөө. Цөөн минутад дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байна. ФАТф-ын саарал жагсаалтад орсон, гадаад өр 30.7 тэрбум доллар байгаа. Монголын төр бодлоггүй зохицуулалтгүй явсаны гор өнөөдөр гарч байна. Бид банкны шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байна. Бүгдийг нь хувьд гаргачихаад татвар аваад явдаг загвар буруу байсныг өнгөрсөн 30 жил харууллаа. Банкны салбарын шинэчлэлд хамтарч ажиллана гэдэг хариултыг Л.Энх-Амгалан гишүүнд өгч байна. 

Гишүүдийн дийлэнх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд