Б.Баярсайхан: Өнгөрсөн жилүүдэд Хүрэлсүхийн Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр ард түмэнд таалагдаж байгаа

Уншсан тоо: 127   Огноо: 2021/01/22 10:11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

Балжиннямын Баярсайхан:

Маш харамсалтай байна. 2016 онд МАН ямар янзтай улс орон, эдийн засгийг хүлээж авч, хөгжлийн олон олон ажлуудыг хийж, хүний нийгэмд тэр болгон тохиолддоггүй энэ хүнд цаг үед улс орноо авч явж байгаа билээ. Өнгөрсөн жилүүдэд Хүрэлсүхийн Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр ард түмэнд таалагдаж байгаа. Ялангуяа Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авлига, ашиг сонирхол Монголын төрд байж боломгүй энэ ёс зүйгүй асуудлуудтай тэмцэж, тодорхой үр дүнд хүрсэн олон олон ажил хийж, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Өнөөдөр Монгол хүн бүр, эхийн хэвлийд бүрэлдсэн ургаас авхуулаад настан буурлууд, хүн болгон Монгол Улсын үнэт баялаг. Ялангуяа манайх шиг хүн ам багатай улсын хувьд Монголын үрсийг маш олон болгохын төлөө зүтгэж яваа энэ Монгол ээжүүдээ, эмэгтэйчүүдээ бид хүндлэн хайрлах ёстой.

Энэ талаасаа ёсзүйн хариуцлага хүлээн огцорч байгаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр нь цааш цаашдын Засгийн газар, улс төрийн намуудад шинэ жишиг, шинэ соёлыг тогтоосон үйл явдал болж байна гэж харж байна. Төрийн албаны үйлчилгээнээс болж Засгийн газар нь огцрохоосоо илүүтэйгээр анхан, дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа хандах хандлага өнөөдөр ямар түвшинд байгааг маш тодорхой нийгэмд харуулж байгаа үйл явдал гэж бодож байна. Би энд төрийн үйлчилгээний алба, тэр дундаа онцгойлон эмнэлгийн үйлчилгээг дурдмаар байна.

Эмнэлгийн үйлчилгээ, ялангуяа төрөх эмнэлгүүдийн үйлчилгээ үйлчлүүлэгчдээ царайчлуулдаг соёл тогтоогоод маш олон жил болж байгаа. Би өөрөө улсын эмнэлэгт дөрвөн хүүхдээ төрүүлсэн ээж хүний хувьд энэ асуудлыг, нөхцөл байдал ямар байдгийг маш сайн мэднэ. Одоо миний ярьж байгаа, хэлж байгааг олон олон ээжүүд баталж хэлнэ ээ гэж би харж байна. Тэгэхээр бид цаашдаа энэ эмнэлгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээгээ ингээд царайчлаад явсаар байх юм уу. Тийм учраас энэ төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, хандлагыг өөрчлөх, шинэчлэх, жинхэнэ реформ шинэчлэлийг хийх цаг болсон гэж үзэж байна. Тэгээд дараа дараагийн Засгийн газар нь энэхүү асуудалд бас онцгой анхаарч, Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан энэ зоригтой алхам, бодлого шийдвэрүүдийг үргэлжлүүлнэ гэж итгэж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд