Ардчилсан намын гишүүд гар хумхин суухыг хүссэнгүй

Уншсан тоо: 43   Огноо: 2021/01/25 15:29

Засгийн газар огцорсноор улс төрийн нөхцөл байдал дээд цэгтээ хүрч бужигнаан үүслээ. Олон ч асуудлын учиг ил гарах шахан хөврөлдөж, Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоныг ч хүмүүст сануулж байна. МАН засгаа огцруулж, улс төрийн ертөнцөд гол дүрд тоглож байхад Ардчилсан намын гишүүд хоёр талцаж суучихаад зүгээр хараад сууж тэвчсэнгүй бололтой. Тэр нь ч дээр биз. Эртхэн нэг талдаа гарч, сонгуульдаа бэлдэхгүй бол МАН 100 жилийнхээ ойгоор өөрсдийнх нь намаас багагүй жил тасарч, холдсон Ерөнхийлөгчийн "буухиа"-г дээрээ залах гэж байхад.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлд хүргүүлэх гэж буй тухай өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл мэдээллээ. 

Ардчилсан намын ҮБХ нь 390 орчим гишүүнтэй бөгөөд олонх нь Бодлогын хорооны хурлыг яаралтай зарлан хуралдуулах хүсэлтэй байгааг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд онцлов.

Ц.Баатархүү "Учир нь өнөөдөр Монголын нийгэм, эдийн засаг хүнд нөхцөлд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Монгол Улсын Засгийн газарт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь батлагдаж байна. Энэ утгаараа Ардчилсан Намын ҮБХ Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудалд дүгнэлт гаргаж, Ардчилсан Намд үүсээд буй нөхцөл байдалд бодлогын хэлэлцүүлэг явуулан дотоод асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонх нь гарын үсэг зурж, улс төрийн зөвлөлийн гишүүддээ өргөн барьж байна. Эдийн засгийн хүнд цаг үед АН-ын манлайлал, дуу хоолой чухал. Иймд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихыг АН-ын гишүүд хүсэлт шаардлага удаа дараа тавьж байгаа. Бид сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвжхүүлэх цаг үе нь ирээд байна" гэв.

Мөн Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин “АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна, тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж, энэ шүүмжлэлийг ч хүлээн авч байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай  үр хүүхэд нь айж, ичин холддог жамтай. Тэгэхээр тогоо доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. Ордон дотор нь хулгайч, луйварчид нь ороод суучихсан. Төрийн толгойд худалч, урвагчид заларчихсан энэ үед Монголын төрөөс шинжлэх ухаанч бодлого гарахаа больсон. Монголын төрөөс эрүүл саруул бодлого үнэртэхээ больсон. Ардчилсан нам эрүүл саруул хяналт тавихын тулд тогоон доторх асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд АН дотоод асуудлаа засах ёстой. Бид тогоон дотроо хэрэлдэх бус саруул хяналт тавихын тулд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Бид сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье гэж үзээд энэхүү хуралдаанаа зарлаж байна.  Харалган төр засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН эхлээд өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай дэмжээрэй гэж хүсье" хэмээв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд