Т. Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжлээ

Уншсан тоо: 51   Огноо: 2020/04/29 16:54

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинээр Элчин сайдууд томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжлээ.

Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

Мөн өдрийн хурлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр 2016 оны 09 сард томилогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд