Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, экспортлох, үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох тухай тогтоолын төслийг ЗГ-т хүргүүллээ

Уншсан тоо: 170   Огноо: 2020/04/29 13:51

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Л.Элдэв-Очир гишүүн ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх тухай тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлж байгаа талаар мэдэглээ.

Л.Элдэв-Очир: "Сүүлийн үед хөдөө орон нутагт ялангуяа малчдад хүлээлт үүсгээд байгаа асуудлаар товч танилцуулга хийе. Их хурлын даргын захирамжаар УИХ-ын найман гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хоёр хоногийн дотор эрчимтэй, тал талын нөхцөл байдлыг судалж, холбогдох мэдээллүүдийг авч дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг санаачилж ЗГ-т хүргүүлэхээр тогтоод байна. Энэ бол яах аргагүй цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал болоод байна.  ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бодитой үр дүнд хүрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Ч.Улаан сайд залруулга хийх байх. Тогтоолын төсөлд тусгагдаж буй гол арга хэмжээ юу вэ гэхээр нэгдүгээрт ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудал. Хоёрдугаарт, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудыг тэг болгох арга хэмжээг зохион байгуулах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Гуравдугаарт, малчдын орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн үнийн зөрүү болгож малчин өрхүүдэд тушаасан килограмм ноолуур тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох ажлыг зохион байгуулахыг Сангийн яамны Хүрэлбаатар сайдтай ярилцаж тохирсон. Дөрөвдүгээрт ноолуурын зах зээлд бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах гэсэн тогтоолын төслийг ЗГ-т хүргүүлэхээр бэлдлээ. Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болж байгаа. Үүссэн нөхцөл байдлуудтай холбоотой тал талын асуудлуудыг маш нарийн судалж үзсэн. Ирэх долоо хоногоос уг тогтоолын төслийг баталгаажуулаад зах зээл, нийгэмд бодитой мэдээлэл өгч, ноолуурын үнэ ханш зах зээлд бодитой үнээр тогтох, малчид эргэлзэлгүйгээр ноолуураа борлуулах энэ боломжийг хангах зорилгоор ийм  тогтоолыг санаачилж ЗГ-т хүргэж байгааг мэдэгдэж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд