Л.Оюун-Эрдэнэ: Төрд тангараг өргөчихөөд хувийн компанид үйлчилдгээ болимоор байна

Уншсан тоо: 187   Огноо: 2020/04/24 16:47

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 дэх Цэц зөвхөн Үндсэн хуульд хүчин төгөлдөр болж үйлчилсэн хууль тогтоомж болон албан тушаалтантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан нь Үндсэн хуулийн 64.1, 70.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 21-нд гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаантай асуудлаар Цэцийн гишүүд буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэний байр суурийг хүргэж байна.

Тэрээр "Эрдэнэтийн 49 хувийн лобби цэц дээр явж байгаа. Удаа дараалан энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан.

Эрдэнэтийн 49 хувийн төлөөллөөр тавигдсан Нанзаддорж тэргүүтэй цэцийн хэдэн нөхдүүд улсад нэг их наяд төгрөгийн татвар  төлөөд явж байгаа Эрдэнэт үйлдвэрийг, Бор Өндөрийг захиргааны хэргийн шүүх дээр байсан М.Батсуурьтай яг адилхан аргаар оруулж ирж байна.

49 хувьтай холбоотой асуудлыг өмнө нь сонгуулийн өмнөхөн яг ингэж шийдэж байсан. Өнөөдөр онцгой дэглэм тогтоосон 1991 оны хуулийг хүчингүй болгох агуулгыг оруулж ирж байна. Нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон асуудлыг авч үзсэн. Тус компаниуд дээр ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Удахгүй хууль хяналтын байгууллагуудад шилжүүлнэ.

Төрд тангараг өргөсөн субьектууд хувийн компанид үйлчилдгээ болимоор байна. Төрийн мөнгөөр авсан үйлдвэр улсад байж яагаад болохгүй байгаа юм бэ. Сонгууль дөхөөд 1991 оны хуулийг хүчингүй болгож онцгой дэглэм тогтоох боломжгүй болгож байгаад М.Батсуурь тэргүүтэй захиргааны хэргийн шүүх ЗГ-ийн Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон тогтоолыг хүчингүй болгох уулзалтууд хийгдэж байгаа.

Үүний илрэл парламентийн танхимд дахин орж ирж байна. Товчлуур дарсан гишүүн бүрийг ард түмэн ажиглах хэрэгтэй. Улсад нэг их наяд татвар төлсөн энэ үйлдвэрийг ард түмэнд үлдээчих л дээ. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. Хэрвээ хүлээж авах юм бол Монгол улсын парламент тэр чигтээ 49 хувийг худалдаж авсан асуудалд  ямар нэгэн байдлаар оролцсон гэж үзнэ шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд хүртэл манай өрөөнд орж ирж намайг дарамталсан. /удахгүй нэрийг нь зарлана/ Эрдэнэтийн 49 хувийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаач ээ гэж хоёр удаа ирсэн. Нэг нь зургадугаар сарын онцгой дэглэм тогтоосон өдөр. Нөгөө нь дэглэмийг сунгасан өдөр. Монголын төрд үүрэлсэн хэдэн үзэгдлүүд ингэж даварч болохгүй шүү. Энэ цаашдаа үеийн үед тод хар түүх болж үлдэнэ шүү" гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд