Г.Занданшатар: Эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад ипотекийн хөнгөлөлттэй зээл гаргаж, санхүүжүүлэх хууль боловсруулна

Уншсан тоо: 177   Огноо: 2020/04/10 16:31

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы (2020.04.10) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсад коронавирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлтэй бүтээгдэхүүн гаргаж, түүнийг санхүүжүүлэх эрх хэмжээг Монголбанкинд олгохоор хуульчлаад явж байна хэмээсэн юм. Энэ сэдвээр,

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Их өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын илүү цагийн хөлс урамшууллын талаар асуулаа. Энэ бол аргагүй юм. Бид энэ Засгийн газрын хурлаар 1,5 тэрбум төгрөгийн шийдвэрийг гаргасан. Энэ нь эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсний санхүүжилт. Бусад байгууллага дээр тус тусын хуулийн дагуу явж байгаа. Санхүүжилтийн хувьд тодотгол хийхгүйгээр зохицуулаад нэлээн хойноос гүйлгээд, шилжүүлээд явах санхүүжилтийн дараалал зэргийг Сангийн яам тогтоогоод явж байгаа учраас бололцоотой гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн төрөөс өгч байгаа зүйл.

Ард түмний зүгээс хандив өгч байгаа хүмүүс хүнд нөхцөлд ажиллаж байгаа төрийн ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулахад зарцуулаарай хэмээн өгч байгаа учраас УОК-д хуримтлагдсан энэ хөрөнгийн тодорхой хувийг өгч байгаа юм. ХӨСҮТ-ийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа 200-гаад хүнд 500 000-1 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоно гэж хэлсэн. Өнөөдөр би түүн дээр гарын үсэг зурж байна. Мөн түүнийг зөвхөн эрүүлийг хамгаалах салбар гэхгүйгээр өргөжүүлээд Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар Төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ,  Хил хамгаалах, Гаалийн ерөнхий газар зэрэг бусад байгууллагын хүнд нөхцөлд ажиллаж байгаа 1133 албан хаагчид нэг удаагийн дэмжлэг өгье, ингэж урамшуулах хэрэгтэй. Баярлалаа гэж хэлэх сайхан хэдий ч баярлаж байгаа сэтгэлээ бодитоор илэрхийлэх хэрэгтэй. Урам зоригийг нь нэмж өгөх хэрэгтэй. Сайн ажиллавал төр засаг харж үздэг гэдгийг бусад нь ойлгох хэрэгтэй. Тиймээс ийм шийдвэрийг гаргаж байна. Үүн дээр нийт 631 900 000 төгрөг гаргаж байна. Цаашдаа ч манай сайд нар өөр өөрсдийн багцад байгаа нэн шаардлагагүй тэвчиж болох зардлаасаа шилжүүлэн санхүүжилт гаргах боломжтой.

Г.Занданшатар: Төсвийн эрх мэдлийг Засгийн газарт төсвийн орлого зарлагын бүтцэд өөрчлөлт хийх, хөрөнгө оруулалт зардлыг эрэмбэлэх эрх олгосон цар тахлын үеийн хуулийн төслийг Засгийн газар руу явуулсан. Энэ чиглэлээр үүнийг явуулж болно. Мөн Засгийн газарт УИХ-аас санаачилсан хуулийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлтэй бүтээгдэхүүн гаргаж, түүнийг санхүүжүүлэх эрх хэмжээг Монголбанкинд олгохоор цар тахлын болон бусад хуулиар хуульчлаад явж байгаа. Энэ нь нэг талаараа эдийн засгийг дэмжих арга хэмжээ болно. Гацаанд орсон барилга, хатаж байгаа эдийн засаг, 100 мянган ажлын байрыг тэтгэх арга хэмжээ болно. Нөгөө талдаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай ажилтнуудынхаа амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан алхам болох юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд