Ж.Батзандан: Гучин жил банкуудыг, эздийг нь дэмжсэн эдийн засгийн бодлого л явсан

Уншсан тоо: 107   Огноо: 2020/04/29 14:43

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан саналаа хэллээ.

Тэрээр “ Энэ тогтоолын төслийн Хоёрын аравт иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх гэсэн байна. Банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө хэд байгаа вэ? Мөн тогтоолын төсөлд банканд байгаа үнэт цаасуудыг чөлөөлөх тухай тусгагдсан харагдана лээ. Тэрийг тодруулж асуумаар байна. Ямар үндсэн асуудал байгаа вэ? Засгийн газрын үндсэн асуудал юм уу? өөр төрлийн асуудал юм уу? Ер нь 30 жил банкнуудыг, эздийг дэмжсэн эдийн засгийн бодлого л явсан. Энэ хямралын үед банкнуудыг биш ард түмнийг дэмжсэн бодлого л явах ёстой гэж ШИНЭ нам үзэж байгаа. Гуравдугаар асуудал банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх гэж байна. Жил болгон мөнгөний бодлого дээр Монгол банкны бодлогод УИХ-аас өгдөг чиглэл. Банкнаас бусад санхүүгийн салбар гэдэг нь Хөрөнгийн биржийг л хэлж байгаа болов уу гэж би ойлгож байгаа. Түүнээс биш банк бус санхүүгийн байгууллага, ломбард хоёрыг хэлээгүй байх гэж бодож байна. Энэ ипотекийн зээлийн эргэн төлөлтийг царцаах, зогсоох тухай, зээлдэгчдийг хүүгийн эргэн төлөлтөөс чөлөөлөх тухай маш тодорхой оруулж өгмөөр байна. Тогтоолын төсөл их ерөнхий ойлгомжгүй байна. ШИНЭ намаас маш тодорхой саналыг та бүхэнд хүргүүлсэн боловч ерөнхий байдлаар томьёолсон байна. Үүнд байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч нар хариулт өгөөч” гэсэн юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б. Баттөмөр хариулт өглөө.

Тэрээр “Энэ тогтоолын төслийн аравт байгаа иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх гэсэн заалт оруулсан. Энэ бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Монгол банкны ерөнхийлөгч нарын хоорондын яриа хэлцлийн хүрээнд гаргасан 700 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнийг “Монгол банк” бонд гаргаж банкнуудаас худалдаж авъя. Ингэснээр мөнгөний эргэлтийг дэмжих арга хэмжээ болно гэсэн зорилгоор ажил хийгдэж байгаа. Хоёр дахь асуудлын хувьд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудал байгаа. Ямар нэг үнэт цаас чөлөөлөх, ломбард, хадгаламж зээлийн хоршоо янз бүрийн байгууллагуудын үнэт цаасыг чөлөөлж өрийг тэглэх гэсэн зүйл байхгүй” гэлээ.

Мөн энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тодруулга хэллээ

“Энд банкнуудыг дэмжсэн зүйл байхгүй. Эсрэгээрээ банк коронавирусийн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж 500 хүртэл сая төгрөгийн зээлүүдийг гурван хувь буулгаж ашиггүй ажиллана гэж байгаа. Төрөөс таван хувийн дэмжлэг үзүүлэх юм бол банкнууд гурван хувь буулгана. Банкны дундаж зээлийн хүү 15.3 хувьтай байгаа. Жижиг зээлүүд 16-20 гаран хувьтай болчихсон. Нийтдээ найман хувийн зээлийн хөнгөлөлтийг зээлдэгч нарт нь өгч байгаа. Нэг сая гаруй зээлдэгч байгаа. Зээлдэгч нарын 99.8 хувьд нь үйлчилнэ. Та буруу ойлгосон байх шиг байна. Хоёрдугаарт НДШ-ийн банкнуудаас чөлөөлнө гэдэг санаа нь 14 хоногийн өмнө Засгийн газар долоон арга хэмжээ зарлаад бүх хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн албан хаагчдыг НДШ-ээс чөлөөлсөн. Тэгэхээр нийгмийн даатгалын орлого 800 орчим тэрбум төгрөгөөр буурна. Үүний эх үүсвэрийг банкнууд дээр байршуулаад Эрдэнэс Монгол компанийн бондыг авахуулсан байсныг “Монгол Банк”-н дээр санхүүгийн эргэлт гаргаж чөлөөлж өгье гэсэн санаа" хэмээлээ.

Монгол Банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуултад хариулахдаа

"Монгол банк мэргэжлийн зүгээс харж байгаа. Гол асуудал нь СOVID/19-ийн үед эдийн засгийн хямрал банканд маш хүнд тусч байгаа. Одоогоор 2,6 их наяд зээлийн доголдол үүсч байна. Үүнтэй холбоотой зээлийн эргэн төлөлтөд дахин өөрчлөлт оруулах гэрээг хийж байгаа. Банкууд үнэт цаас эзэмшинэ гэдэг нь зээл өгөх, бусад төлбөр гаргах бололцоо байхгүй. Энэ агуулгаар төв банкнаас үнэт цаасыг нь хуульд зөвшөөрсний дагуу худалдаж аваад түүний дагуу банкнууд дээр мөнгөн хөрөнгө үүсгэх зэрэг шаардлага байна гэж үзэж байгаа. Тиймээс баталгаажсан үнэт цаасыг худалдаж авснаар үүсээд байгаа зогсонги байдал шийдвэрлэнэ гэж үзэж "Монгол банк" дэмжиж байгаа юм" гэлээ.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд