Ливийн засгийн эрх армид шилжсэнийг мэдэгджээ

Уншсан тоо: 87   Огноо: 2020/04/28 14:28

Ливийн Үндэсний армийн /ЛҮА/ командлагч Халиф Хафтар 2015 оны улс төрийн хэлэлцээрээс гарч, улс орны удирдлагыг арми гартаа авсныг даваа гарагт мэдэгджээ.

Ливийн сөргөлдөгч талууд 2015 онд Марокко улсын Схират хотод уулзаж, улс төрийн тохиролцоонд хүрсэн бөгөөд улмаар үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан юм. Схиратын гэрээ гэгддэг уг баримт бичиг нь Ливийн улс төрийн байдлыг зохицуулах үндэс суурийг тавих ёстой байсан боловч бодит байдал дээр хэрэгжиж чадаагүй байна.

Халиф Хафтар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ливийн иргэдэд хандан Схиратын гэрээнээс татгалзахыг уриалжээ. Үүний зэрэгцээ улсынхаа зүүн нутагт үйл ажиллагаа явуулж буй Ливийн Төлөөлөгчдийн танхимын /парламент/ дарга Акиля Салех улс төрийн байдлыг зохицуулах шинэ санаачилга гаргаснаа мэдэгдсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн шинэ зөвлөл байгуулах болон өөр хэд хэдэн заалт бүхий замын зургийг санал болгожээ.

2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафиг төрийн эрхнээс түлхэн унагаж, улмаар хөнөөсний дараа тус улсын эрх мэдэл хоёр хуваагджээ. Ливийн зүүн нутагт ард түмнээс сонгогдсон парламент хуралдаж байгаа бол нийслэл Триполи хотод НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулсан, Файез Сарраж тэргүүтэй үндэсний эв нэгдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Триполигоос хараат бус үйл ажиллагаа явуулж буй тус улсын зүүн хэсгийн эрх баригчид маршал Хафтараар удирдуулсан ЛҮА-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд Хафтарын арми 2019 оны дөрөвдүгээр сараас хойш Триполи хотыг эзлэн авахыг оролдсоор байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд