Л.Болд: Энэ сонгууль Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх эсэхийг шийднэ

Уншсан тоо: 63   Огноо: 2020/03/25 12:36

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед коронавирусын аюулын улмаас дэлхий дахинд ч, Монголд ч цаг үеийн байдал ярвигтай болж байна. УИХ-ыг яаралтай хуралдуулж, онцгой нөхцөл байдалтай холбогдуулан төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж шаардаж эхэллээ?

- ШИНЭ намын Зөвлөлөөс татвар, түрээс, зээлийн хүүгийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн алдагдлыг эргэн харж, онцгой нөхцөл байдлын үед улсын төсөв тасалдахгүй байх гарцыг олж хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа. Төсвийн алдагдал 600 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Коронавирусээс шалтгаалж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна.

Ганц манайд ч биш, дэлхий нийтэд, хүчирхэг эдийн засагтай бүх улс орны эдийн засаг хүндэрч, гадаад худалдаа хумигдаж байна. Манай улсын хувьд сүүлийн хоёр сард гадаад худалдаа 20 хувиар буурсан байна. Дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн байдал хэцүүдлээ. Сая Засгийн газар ШИНЭ намын шаардлагыг хүлээн авч иргэдийн хэрэглээний зээлийн хүүг түр хойшлуулах шийдвэр гаргалаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгааг энд онцлох хэрэгтэй. Дараа дараагийн арга хэмжээнүүдийг ч цаг алдалгүй авах ёстой. Онцгой байдлын цаг үед парламент, Засгийн газар нь оновчтой, үлгэр жишээч арга хэмжээ авч ажиллаж байгаа улс орнууд олон байна.

Манай Засгийн газар ч тэдний нэгд тооцогдож, жишээ болж байгааг олон улсын мэдээллийн агентлагуудаас харж болно шүү дээ. Долоо хэмжиж, нэг огтлоод Монголынхоо хөрсөнд тохирсон шийдвэрүүдийг цаг алдалгүй авах хэрэгтэй. Парламент нь парламентынхаа ажлыг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийж дэм дэмэндээ Монголчууд хүнд бэрх үеийг давж гарах хэрэгтэй. Одоо улстөржих цаг огт биш. Ямар сайндаа ЗГХЭГ-ын дарга “Коронавирусын хажуугаар улс төрийн вирус ажил хийлгэхгүй байна” гэх вэ дээ. Улстөржилт, талцал хуваагдал Монгол орныг олон жилийн турш хангалттай хорлож ирсэн. 

   -Таныг гадаадаас ирж тусгаарлагдсан гэдэг мэдээлэл гарч байна?

-Сошиал сүлжээнд тайлбар хийсэн. УИХ-ын гишүүд гадаадад томилолтоор ажилладаг, манай улстай дипломат харилцаатай улс орнуудын парламент хоорондын харилцааг өргөжүүлэх ажилд хүчин зүтгэх албан ёсны үүрэгтэй. УИХ-ын нэг гишүүн нэлээдгүй улсын парламентын бүлэгт багтаж ажилладгийг хүмүүс мэдэх байх.

Миний хувьд Их Британи руу албан ажлаар яваад Германаар дамжиж ирсэн. Баталгаатай байх үүднээс Берлинд 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаад эх орондоо ирж, дүрэм журмыг ягштал баримталж дахин 14 хоног тусгаарлагдаж байна. Энэ байдлыг мушгин гуйвуулж, сошиалд зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байна. Зориуд улс төр хийж, дайрч доромжилдог хүмүүст аятай далим болж л дээ.

Болд хазгай гишгэх нь үү, хальтирах нь уу гээд сахиад сууж байдаг бүхэл бүтэн бүлэг хүмүүст хандаж, хайран цагаа бүү үр, өөрийнхөө төлөө, цаашлаад улсынхаа хөгжлийн төлөө л санаагаа чилээ гэж хэлмээр байна. Сонгууль ойртоод намайг харлуулах зорилготой бүхэл бүтэн төлөвлөгөө, кампанит ажил зохиогоод сууж байгаа хүмүүс байна. Гүжир гүтгэлгийн тэр төлөвлөгөөг нь хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ ч энэ дашрамд хэлчихье.

-Их Британид яагаад анхаарал хандуулах болов?

-Миний хувьд Их Британитай холбоотой хоёр сэдвээр судалгаа бэлдэж байгаа. Нэг нь “Их Британи бол Монголын шинэ бас хуучны гурав дахь хөрш” болох тухай. Түүх сануулья, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалтад оролцсон их гүрнүүдийн нэг.


    Өрнөдийн орнуудаас Монголд хамгийн анх суурин Элчин сайдын яамаа нээсэн. Европын холбоонд нэр сүр нь олон жил дарагдсан ч одоо дахин сэргэн мандах замдаа орсон, дэлхийн нөлөө бүхий 54 орныг нэгтгэсэн Улс үндэстний холбооны (2,4 тэрбум хүн, 30 сая кв.км газар нутагтай орнууд) байнгын тэргүүн улс.

Тиймээс манай улсын эдийн засгийн, цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлнэ гэж тооцоолж Их Британийг Монгол Улсын гурав дахь хөршийн тоонд оруулах хуулийн төсөл боловсруулж байна. Чуулганы завсарлагаар улстөрчид, эдийн засагчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй нь уулзалт төлөвлөсөн. Нөгөө сэдэв нь Брекситийн дараах үеийн олон улсын тулгамдсан асуудал. Вирус гараагүй бол дэлхийн анхаарлыг татах гол сэдэв Брексит байсан.

- ШИНЭ нам улс төрийн намуудтай хамтарч эвсэл байгууллаа? Энэ эвсэл сонгуульд хэр зэрэг жин дарах бол?

- ШИНЭ нам, одоо сонгуульд нэг хүчин болж оролцох гэж байгаа ШИНЭ эвсэл Монголын улс төрийн түүхэнд байхгүй онцлогуудыг агуулсан улс төрийн нам, эвсэл юм. Нэгдүгээрт, анхнаасаа ШИНЭ нам ард түмний захиалгын хөрсөн дээр бий болсон, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэлд нэгдсэн 100 гаруй төрийн бус байгууллагууд, мэргэжлийн төр, засагтай болохын төлөөх салбар салбарын мэргэжлийн холбоодуудыг нэгтгэж чадсан. Монголчууд аливаа үйл хэргийн төлөө нэгдэж, нэгэн цул болоод ирэхээрээ улс орноо өөд нь татдаг, хүчирхэгжүүлдэг, цаашлаад дэлхийн түүхэнд байхгүй түүхийг бүтээдэг гэдгээ харуулсан үндэстэн.

Хоёрдугаарт, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга иргэдээ шат шатны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн улс төрийн нам, эвсэл одоогоор ШИНЭ-ээс өөр байна уу, алга байна. Таны яг хажуу хаалганд чинь амьдардаг, тантай нэг хороо, нэг суманд оршин суудаг Бат, Дулмаа нар Их хурлын сонгуульд оролцоно, тэдгээр иргэд өөр өөрийн амьдардаг аймаг, сумандаа, дүүрэг, хороондоо таныг төлөөлж ажиллана гэдгийг манай намаас анх байгуулагдахдаа л онцолж ирсэн.

Бусад намуудаас нэр дэвшихийн тулд дор хаяж хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй болох нь. Харин манай намд зөвхөн таныг төрд төлөөлөх шударга иргэн л хэрэгтэй. Тэр хүн халаасандаа хэдэн төгрөгтэй нь сонин бус, Монголоо хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна гэсэн зүрх сэтгэлтэй байх нь л манай эвсэлд сонин. Улс төрийн 11 нам, 109 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд нийлээд “ШИНЭ” эвсэл байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

-Мөрийн хөтөлбөрөөсөө онцлог санааг нь цухас дурдвал?

- Намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг “Шинэ эргэлтийн 21 бодлого” боловсруулсан. Эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон реформ хийж, стратегийн баялгуудаас ард түмний хүртэх хувь, орлогыг тодорхой, бодит болгох шийдэл багтсан. Баян Монгол корпораци, баялгийн хувь, стратегийн ордуудаа хувь, хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээх зэрэг миний олон жилийн тэмцэл, зүтгэл бүрэн утгаараа бодит үр дүн болох цаг ирлээ. Энэ сонгууль Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх эсэхийг шийднэ гэсэн үг.

Түүнчлэн шударга ёс, хариуцлагын эргэлт хийж, авлигач албан тушаалтнуудын улсад хохирол учруулсан хавтаст хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлагаас мулталсан хууль тогтоомжуудыг хүчингүй болгоно. Монголын нийгмийн шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг манай намын дэргэдэх эрдэмтэн, судлаачид судалж үзээд шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлигын эсрэг ажиллахын тулд хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгах хэрэгтэй гэж үзсэн. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, түүнээс ч олон хийдэл байгааг нарийвчлан тооцож гаргажээ. Энэ бүхнээ манай эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн.

Одоо бидний амьдарч байгаа нийгэм болохгүй байна, цэгцлэх, цэвэрлэх, хөгжүүлэх, цаашлаад шинэ цаг үед Монгол гэдэг нэрийг дуурсгаж, хойч үедээ шинэ нийгэм үлдээе гэж бодсон бүх хүмүүс бидэнтэй хамт зүтгэнэ гэдэгт итгэж байна.

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд