Н.Номтойбаяр бие даан нэр дэвшинэ

Уншсан тоо: 191   Огноо: 2020/04/28 14:01

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн хугацаатай. Монгол Улсын хэмжээнд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.  Мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 20, 30, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн элдэв амлалт өгөхийг хориглох заалт зөрчигдөж байгаа эсэхийг шалгана.

Хуулийн дагуу бие даагчдын нэрийг зарлаж болохгүй бөгөөд аудит мөрийн хөтөлбөрийг нь хянаж дууссаны дараа буюу тавдугаар сарын 21-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэх аж.

Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид дотор АН-ын дарга асан Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Сангийн сайд асан С.Баярцогт, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Хотын захирагч асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэрс байгаа гэх мэдээлэл цацагджээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр түүнийг олон нийтийн газар зохисгүй авирласан хэмээн намаасаа гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, цахим орчинд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зодооны бүрэн бичлэг” нэртэй бичлэг цацагдсантай холбоотойгоор түүнийг намаасаа гарсанд тооцох шийдвэрийг гаргаж байв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын гишүүнчлэлгүй болсон тул 2020 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө өрсөлдөх юм байна.

Сануулахад, 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Өөрөөр хэлбэл ингэснээр Н.Номтойбаярын бүрэн эрхгүй боловч УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн юм. Н.Номтойбаяр тухайн үед гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч УИХ өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд