О.Баасанхүү: Зах, худалдааны төвийн худалдагч нар ийм юм зүүчихмээр байна, маскныхаа гадуур...

Уншсан тоо: 597   Огноо: 2020/04/10 16:46

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы (2020.04.10) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад коронавирусийн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсох үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсныг та бүхэндээ хүргэе.

О.Баасанхүү: Энэ өвчин сарын дараа эсвэл 2 жилийн дараа гайгүй болчихно гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ авч байгаа арга хэмжээнүүд чинь стратегийн хувьд хэдий хэмжээний хол орон зайд төлөвлөж байгаа юм бэ. Өнөөдөр бид хамаг юмаа хаагаад боогоод, хөдөлгөөнөө тас хориод ингээд яваад байдаг. Гэтэл улс, нийгэм чинь зогсонги байдалд орчихоод байна. Би Сангийн сайдаас асуумаар байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал хэд хүрч байгаа вэ? Зэс уначихлаа. Угаасаа бид 2 их наядын алдагдалтай төсөв баталсан. Цаашдаа хэдий хэмжээгээр унахаар тооцоо гарч байгаа вэ? 5.1 их наядыг хаанаас гаргаж өгөх гэж байгаа вэ, эх үүсвэр нь хаана байна?

Хоёрдугаарт, Миний тооцоолсноор 300 орчим тэрбум буюу 100-200 сая долларын зардал энэ онцгой нөхцөлд зарцуулсан гэж дуулсан. Тэгвэл үүний тооцоог надад болон Их хурлын гишүүдэд өгч болох уу? Шилэн дансан дээр юу ч харагдахгүй байна. Мэдээж амьсгалын аппарат, янз бүрийн сайн сайхан юм авч байгаа, тэрийг бол ойлгоно. Гэтэл дайны хажуугаар дажин гэдэг шиг өнөөдөр үүнийг харьцуулалт хийж болохгүй байна. Өнөөдөр халуун хэмжигч шилийг бүх газар бүх айл, албан байгууллага авмаар байдаг.

Зах, худалдааны төвийн худалдагч нар ийм юм зүүчихмээр байна, маскныхаа гадуур. (Зүүж байгаа зүйлээ хэлэв.Ред) Яг үнэндээ гэр хорооллыг маскжуул гээд байгаа. Маскнаасаа өвчин авчих вий дээ гэж заримдаа бодогдмоор. Маскны ариун цэвэр гэж бас нэг чухал юм гарч  ирэх гээд байна яваа яваандаа. Нэг маскаа хүн 2 цагийн дотор гэдэг юм уу нэг цагийн дотор соль гэхэд 10 өдөр, бараг 20 өдөр тэр маскийг чинь хэрэглээд байгаа байхгүй юу. Харин үүнийг бол угааж цэвэрлээд явчихаж болно л доо. Мэдээж үүнээс гадна юу байж болох, бүтээлч юм оруулмаар байна. Дээрээс нь Их хурлын гишүүд бас хандив өргөмөөр байдаг, хууль нь болохгүй юм. Би бол багадаа 400 сая төгрөгийн оношлуур өгчихмөөр байна. Гадна дотно байдаг найз нөхдүүд гуйгаад байна. Өгье гэхээр хууль хориотой. Болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: О.Баасанхүү гишүүн битгий бүтээгдэхүүний сурталчилгаа хийгээд байгаарай!

ЭМ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: О.Баасанхүү гишүүн чухал асуудал хөндөж байна. Маскны ариун цэврийн тухайд бол ХӨСҮТ, ЭМЯ байнга зөвлөгөөг өгч байгаа. Маскыг хэрхэн хэрэглэх, ямар хугацаатай хэрэглэх, дараа нь ашигласан маскаа хэрхэн хаях. Оношлуурын тухайд бол сонгуультай холбоотой ийм асуудал байгаа юм байлгүй. Үүнээс биш манай О.Баасанхүү гишүүн өөрийн гадаад түншүүдийн хүрээнд оношлуур оруулаад ирвэл эрүүл мэндийн салбар дуртайяа хүлээн авна.

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  Эхний 3 сарын буюу 2020 оны 1-р улирлын төсвийг урьдчилсан байдлаар гаргаад байна. Төсвийн орлого бидний төлөвлөж байснаас 111 тэрбум төгрөгөөр бага орж ирлээ. Холбогдох бүх зарлагыг гаргаад явж байгаа. Ингээд нэгдсэн төсвийн алдагдал 3-р сарын байдлаар 270 орчим тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл төсөв тодотгоод байх хэмжээний алдагдал биш.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд